Украины зүүн хэсэгт орших аж үйлдвэрийн хот болох Костянтиновка хотод Оросын арми ээлжит агаарын цохилтоо өгч, зургаан энгийн иргэн амиа алдсан талаар Украины эрх баригчид мэдэгдэв. Мөн орон сууцны болоод цэцэрлэгийн 16 барилга байгууламж нуржээ.
Халдлагад өртсөн энэ хот нь Бахмутаас баруун тийш ердөө 27 км зайд оршдог. Бахмут хотод өрнөж буй сүүлийн хэдэн сарын ширүүн тулалдаанд хоёр талаас олон хүн амиа алдсан юм. Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермакын хэлснээр, “энэ удаад Оросууд Костянтыновкаг "газар-агаар" ангиллын S-300 пуужингаар онилсон. Энэ хот нь мөн Краматорск, Славянск хоёрын ойролцоо оршдог бөгөөд эдгээр хотууд нь ОХУ Донецк мужийг бүрэн эзлэхийн тулд эзлэн авахыг хичээж байгаа гол хотууд юм” гэжээ. Агаарын цохилтод өртсөн Констянтиновка хотын хүн ам дайн эхлэхээс өмнө 70 мянга байсан. Харин нөгөө талд, өнгөрсөн ням гарагт Оросын хяналтаа тогтоосон Мелитополь хотод мөн дэлбэрэлт болсон гэж албаныхан мэдэгдсэн байна. Украины эрх баригчдын хэлснээр энэ дэлбэрэлт тэнд байрлах төмөр замын өртөөг онилсон байна. Мелитополь нь Оросын өөртөө нэгтгэсэн Крымийн чанх хойд талд орших Оросын армийн тээврийн зангилаа болсон бүс нутаг учраас Украины пуужингийн цохилтод удаа дараа өртөж байгаа юм.
SOURCE: BBC