Улсын хэмжээнд өнгөрсөн шөнө зохион байгуулсан "Уусан бол бүү жолоод" нэгдсэн хяналт шалгалтаар таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ. Энэхүү нэгдсэн хяналтыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан байна.
Шөнийн хяналт шалгалтаар:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 512 зөрчил
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 209 зөрчил
- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 15 хүн, эд зүйлс
- Гэмт хэргийн шинжтэй дөрвөн үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний гурван сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 9,097 жолоочийг илрүүлж, учирч болох эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалсан байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих төрлийн нийт 3,167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1,278 хүний амь хохирч, 2,089 хүн гэмтсэн харамсалтай тоо баримт байна.
Мөн энэ оны нэгдүгээр улиралд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, есөн хүний амь нас хохирчээ.
Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас 2023 оны туршид “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.
Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид согтуу жолоочид тавих хяналт шалгалтыг жилийн туршид тогтмолжуулж ажиллах ба ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчилд холбогдогчийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлаж ажиллах болно.
Иймд тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
- Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;
- Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах
- Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.