“Promix sound” продакшн, “Red point” медиа, “Promix” фильм хамтран “Бүүвэй” уран сайхны кино бүтээжээ. Киноны найруулагчаар өнгөрсөн жил “Сорил” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн Б.Батдэлгэр ажилласан байна.
“Бүүвэй кино” нэг хүний кино гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, ганцхан дүр үзэгчдийг дэлгэцэд “уяна”. Киноны гол дүрд Л.Жижжалам тогложээ. Тэрбээр “650”, “Баавгай болох сон”, “Сорил”, “Нударга” уран сайхны, “Халиун морь” баримтат, “Эх”, “Нэг амьдрал” богино хэмжээний, “Хайрыг битгий гомдоо”, “Хавтаст хэрэг”, “Хохирогч” олон ангит кинонд тоглосон уран бүтээлч юм.
Хөдөө нөхрөө алдаад удаагүй бүсгүй үрийнхээ төлөө ганц биеэр хэдэн малтайгаа аж төрнө. Гэтэл газар хөдөлж, гэр нуран, бүсгүй ухаан алдав. Ухаан ороход түүний хөлд хугарсан унь зоогдсон байх аж. Хөдлөх л юм бол түүний дээрээс нуранги дахин дарах аюул хүлээж буй.
Гарах гарцгүй, уулын мухарт, эзгүй газар ганц гэрээр амьдарч байгаа тулгар биетэй бүсгүйд туслах хэн ч байсангүй. Эх, үрийн хүндхэн бөгөөд амьд үлдэхийн төлөөх тэмцэл эцэстээ хэрхэхийг “Бүүвэй” кинонд өгүүлэх аж.