Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тодорхой мэдээллийг өглөө.
Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.
Энэ хүрээнд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдын тоог шат дараатай нэмэгдүүлнэ” хэмээн зааж, жил бүр хамрагдах оюутан, суралцагчдын тоог 500-гаар нэмэгдүүлэхээр тусгасан боловч 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардаж, 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, МСҮТ-ийн суралцагчдыг хамруулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3 дугаар сарын 23-ны өдөр оюутан, залуустай хийсэн уулзалтын үеэр “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах залуусын тоог нэмэгдүүлэх талаар нэлээд санал гарсан. Тиймээс Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уг шийдвэртэй холбогдуулан ойрын жилүүдэд хамрагдаж чадаагүй орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчдыг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Ташрамд дурдахад, “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэх, бүртгүүлж байгаа оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг авч сонгон шалгаруулалт хийхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1000 гаруй оюутан бүртгүүлсэн байна.