Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэмт этгээдүүд бүлэглэн, зэвсэглэн, айлган сүрдүүлж бусдын хоёр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн хэргийг илрүүллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээд болох “Ука” хочит Алтанхуягийн захиалснаар “Хулнаа” хочит Хулансамбуу, “Ууганаа” хочит Ууганзаяа,”Сайхнаа” хочит Энхсайхан нар бүлэглэн 2023 оны гуравдугаар сарын 5-7-нд нэр бүхий иргэний Улаанбаатарт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн, зэвсэглэн, айлган сүрдүүлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүний гэр болон тээврийн хэрэгслээс дөрвөн ширхэг хутга, хийн буу, ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан аваад байна” гэлээ.