УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” боомтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцан холбогдох асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэлээ.
ЦАГААННУУР БООМТ ДАХЬ АЛБАН ХААГЧДЫН ДУТУУ ОРОН ТООГ НӨХӨЖ, АЖИЛЛАХ ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах авто замын Цагааннуур боомтыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор байнгын ажиллагаанд шилжүүлсэн байдаг. Байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн. Тиймээс Цагааннуур боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, боомтын цогцолборыг шинэчлэн барих шаардлага үүссэн гэдгийг аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох албаныхны зүгээс хэлж байна.
Одоогийн ашиглагдаж буй боомтын цогцолбор нь 2005 онд ашиглалтад орсон бөгөөд өдөрт 1000 зорчигч, 600 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх хүчин чадалтай.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн ажлын хүрээнд Ховд аймгийн Булган боомтоос Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүлсэн. Ингэснээр БНХАУ, ОХУ-ын хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачааг өдөр бүр 10 ачааны машинаар тээвэрлэх боломжтой болсон юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа аймаг орон нутгийн хөгжил, аялал жуулчлалыг сайжруулахад боомтын хөгжлийг нэн тэргүүнд анхаарах ёстой гэдгийг онцлоод, Баян-Өлгий аймаг аялал жуулчлалыг татах онцлох аймгийн нэг. Тиймээс боомтын ачаалал нэмэгдэх тул гааль, хяналтын байгууллагын алба хаагчдын дутуу орон тоог нэн тэргүүнд шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайванд даалгалаа.
БОРШОО БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 98 ХУВЬТАЙ БАЙНА
Боршоо боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 98 хувьтай байна.
Азийн хөгжлийн банкны 27.2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зорчигч тээврийн 3.200 м3 бүхий шинэ цогцолбор, дулаан, цэвэр усны инженерийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууцийг барьж, байгуулжээ.
Тус боомт нь ОХУ-тай хиллэдэг. Хэлэлцээрийн дагуу хоёр талын шинжтэй, байнгын ажиллагаатай бөгөөд хил хамгаалах, гааль, гадаадын иргэн харьяат, тагнуулын нийт 38 алба хаагчтай. Увс аймгийн Улаангом сумаас 116 км хатуу хучилттай замаар холбогдсон авто замын боомт юм.
Боршоо боомтыг орчин үеийн теле хяналтын систем бүхий гаалийн ухаалаг гарц, рентген, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд шинэчлэлийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 5 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ.
Эх сурвалж: Боомтын сэргэлтийн Үндэсний хороо