Кофе бол дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг ундааны төрөл боловч үүнийг тойрсон олон эргэлзээтэй асуудууд яригддаг. Харин “The New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлэгдсэн жижиг судалгааны шинэ үр дүнд кофены эерэг ба сөрөг талуудыг дүгнэжээ.
Судалгаагаар, өдөрт ядаж нэг аяга кофе уух нь таныг илүү хөдөлгөөн хийхэд хүргэж болох ч нойр багасгадаг байж болзошгүй байна. Үүгээр зогсохгүй, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг гэнэ. Энэ судалгааг голлон ажиглалтын аргыг ашиглан хийсэн ба кофе уудаг, уудаггүй хүмүүсийг харьцуулж үзжээ.
Тодруулбал, судалгааны баг Сан Франциско орчмын дунджаар 39 настай 100 эрүүл, насанд хүрэгчдийг хамруулсан байна. Тэд оролцогчдын алхам, нойрыг Fitbits төхөөрөмжөөр тогтмол харж, зүрхний хэмнэлийг нь хянажээ. Цаашлаад, оролцогчдыг хоёр өдрийн турш хүссэн хэмжээгээрээ кофе ууж, дараа нь хоёр өдрийн турш уухгүй байхаар тооцоолж, хоёр долоо хоногийн турш энэ үйлдлийг давтсан.
Кофе уудаг өдрүүдэд уухгүй өдрүүдийнхтэй харьцуулахад оролцогчид дунджаар 1058 алхмаар илүү хөдөлснийг судлаачид тогтоосон байна. Гэвч тэр өдрүүдэд оролцогчдын нойр муудаж, 36 минутаар бага унтсан байна. Ийнхүү судлаачид хүн хэдий чинээ их кофе ууна, төдий чинээ хөдөлгөөн ихсэж, нойр нь багасдаг гэж дүгнэжээ.
SOURCE: CNN