Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 12.2 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс хоёр дахин өндөр хэвээр байна. Инфляц өндөр байхад сайжруулсан түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн нь голлон нөлөөлсөн. Мөн дизель түлшний үнэ сүүлийн үед тогтвортой байгаа хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн нь инфляцад сөрөг нөлөө үзүүлжээ. Хүнсний бүтээгдэхүүнүүдээс гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар, сонгино, төмс зэрэг зарим хүнсний ногооны үнэ 30 орчим хувиар өссөн. Гурил, сүүний үнэ жилийн дүнгээр өссөн хэдий ч сүүлийн саруудад тогтворжиж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 2022 онд таван удаа нийт долоон нэгж хувиар нэмэгдүүлсэн. Мөнгөний бодлогын хороо 2023 оны гуравдугаар сарын ээлжит хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Цаашид инфляцыг бууруулах хүрээнд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.