Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд дарга З.Төмөртөмөөгийн санаачилгаар НЗДТГ болон харьяа байгууллагуудын удирдлагууд их, дээд сургуулиудын оюутнуудтай цуврал уулзалт хийж буй. Энэ хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцжээ. Уг уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр НЗДТГ, СУИС хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Улаанбаатар хотын соёлын салбарын бодлого, үйл ажиллагаанд СУИС-ийн багш, оюутнуудыг оролцуулах, тэдний хөгжих, бүтээн туурвих боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар уг санамж бичигт тусгажээ. Тухайлбал НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулах урлагийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд СУИС-ийн оюутнуудыг “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд ажиллах боломж бүрдэх юм.
Мөн оюутнууд дүүргүүдийн соёлын ордон, Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв, Улаанбаатар театр, СТӨ, Улаанбаатар хотын музей, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн заал, танхимыг зориулалтаар нь ашиглан өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн дадлага хийх нөхцөлийг бий болгоно. Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн чиглэлийн сургуулиудын оюутнуудын спортын тэмцээн, олон төрөлт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, контент бүтээхэд хамтран ажиллахаар болов.