Булган аймгийн ЗДТГ-аас Хотоос хөдөө рүү чиглэх бодлогыг дэмжиж, олон талт арга хэмжээ төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Өнгөрөгч 2022 онд Булган аймагт 870 иргэн шилжин ирсэнээс 282 иргэн Улаанбаатар хотоос, 273 иргэн Орхон, 84 иргэн Өвөрхангай, 52 иргэн Хөвсгөл аймгаас зонхилон шилжин иржээ.
Харин шилжин ирэгсдийн 59 хувь нь амьдралын нөхцлөө сайжруулахаар, 27.4 хувь нь бусад, 7.5 хувь нь мэргэжлийн дагуу ажиллахаар, 4.7 хувь нь асран хамгаалах үүргээр, 1.4 хувь нь томилолтоор болон сургууль, дамжаанд суралцахаар шилжин ирсэн байна.
ХҮНИЙ ХӨГЖИЛ
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 64 нэгж, байгууллагад нийт 124 их эмч, 208 сувилагч, 198 эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 40 эм найруулагч, 29 эм зүйч, 190 эмнэлгийн туслах ажилтны бүрэлдэхүүнтэй эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хүргэж байна. Эрүүл мэндийн салбарт хүний нөөц нэн шаардлагатай байгаа бөгөөд 2023 оны 2 сарын 28-ны байдлаар нарийн мэргэжлийн 12, сувилагч 22, ерөнхий мэргэжлийн 20 эмч, 26 сувилагч, 4 эх баригч, 9 лаборант, 13 багийн бага эмчийн орон тоо байна.
-Булган аймгийн эрүүл мэндийн салбарт ирж ажилласнаар амьдрах орон байраар хангагдаж, сум орон нутагтаа өмчлөлийн, зуслангийн газар эзэмших бүрэн боломжтой юм.
-“Хамтын ажиллагаатай Булганчууд” арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Сон-Э эмнэлэг болон Монгол улсын АШУҮИС болон Этүгэн анагаах ухааны дээд сургуультай гэрээ хийгдсэн тул төгсөлтийн дараах болон мэргэшүүлэх сургалтанд хамруулж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, Засаг даргын нэрэмжит тэтгэлэг, дэмжлэгт хамруулах боломжтой.
-Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалт 90 хувь, автомашины хангалт 90 хувьд хүрч 100 хувь ариун цэврийн байгууламжаа шинэчлэн нүхэн жорлонг халж чадсан давуу талтай.
2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбарт нийт 932 багш, ажилтан ажиллаж, 14989 хүүхэд хамрагдаж байгаагаас төрийн өмчийн ерөнхий боловсролын 22 сургуульд 11319 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэгт 3670 хүүхэд суралцаж байна. Харин нийт багш нарын 1178 нь ЕБС-д, 482 нь СӨБ-д ажиллаж байгаагаас зөвлөх зэрэгтэй 13, тэргүүлэх зэрэгтэй 139, заах аргач зэрэгтэй 216 багш байна. Нийт багш нарын боловсролын түвшингээр авч үзвэл магистр зэрэгтэй багш 80, бакалаврын боловсролтой 647, дипломын боловсролтой 53, бусад 64 багш байна.
“Англи хэл сурч, хамтдаа хөгжье” арга хэмжээний хүрээнд Америкийн Нэгдсэн улсаас англи хэлний мэргэжлийн багштай хүн бүр англи хэлний ярианы чадвараа сайжруулах боломжтой.
Булган сумын төвийн 2 сургууль, 8 сумын сургуульд тус бүр 70-170 хүүхэд суралцахаар хүчин чадалтай байгаа нь багш сурагч бүртэй харилцан, сургаж хүмүүжүүлэх боломжтой.
Аймгийн хэмжээнд 49 багшийн орон тоо байгаа бөгөөд багшлах боловсон хүчнийг амьдрах орон сууцаар ханган, амьдарч байгаа орон нутагтаа өмчлөлийн газрыг үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой байна.
Биеийн тамир, спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх, өсвөр залуу үеийг спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлж, улс, бүсийн чанартай тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын амжилтыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд улс бүсийн болон аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. улс, бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд оролцогсдын тоо өмнөх жилүүдээс 20-30 хувиар нэмэгдэж, үзүүлсэн амжилтын дүнгээр улсын хэмжээнд 4-р байрт жагсаж байна.
Өсвөрийн тамирчдын 12 төрлөөр хичээллүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд хүүхэд залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх усан спорт сургалтын төв, самбо, жудо бөхийн секц, амьд хөгжмийн болон уламжлалт хөгжмийн дугуйланд хамрагдах бүрэн боломжтой.
Шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "NEW STORY" чуулганыг жил бүр зохион байгуулж хэвшээд байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 17.0 хувийн өсөлттэй байдаг. Эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын дундаж өсөлт 23.5 хувь, үйлдвэрлэлийн салбар 6.8 хувь, үйлчилгээний салбарын дундаж өсөлт 10.3 хувьтай байна
Булган аймагт шилжин суурьшигчдад дараах татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байна.
Үүнд:
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож байгаа албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь Улаанбаатар хотоос 500 км хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө. Манай аймгийн Тэшиг, Баян-Агт сумд энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-д газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газарт аймгийн төвд 70 хувиар, сумын төв, тосгонд 85 хувиар тус тус татвар хөнгөлнө.
-Аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хуралдааны IX/14 дүгээр тогтоолоор Булган аймгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хамгийн доод хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосон нь тус тус давуу тал болно.
Аймгийн хүн амын дотоодын хэрэгцээг хүнсний нарийн ногоогоор 38 хувь, төмсөөр 100 хувь хангагддаг аймаг юм.
Жилдээ шинээр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дунджаар 28 цэг ашиглалтад орж 60 гаруй байнгын ажлын байрыг бий болгодог.
Хүнс, хөдөө аж ахуйг чиглэлээр дараах аж ахуй эрхлэх, хамтарч ажиллах боломжтой байна. Үүнд:
• Мах боловсруулах үйлдвэр Хутаг-Өндөр, Булган, Хангал суманд байдаг. Тэшиг, Хутаг-өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон сумдад эрчимжсэн мал, аж ахуй түүн дотроо гахай, тахиа, махны чиглэлийн шувуу үржүүлгийг эрхлэх бүрэн боломжтой.
Үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.
• Сэлэнгэ, Баяннуур, Хишиг-өндөр суманд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех байгуулах боломжтой, эрэлттэй зах зээлтэй.
• Дашинчилэн, Бүрэгхангай, Рашаант, Булган, Баян-агт сумдад стандартын шаардлагад нийцсэн мал нядалгааны цэг, хөргүүр зоорь барьж байгуулах,
• Хутаг-өндөр, Булган, Бугат, Рашаант, Хишиг-өндөр, Орхон, Бүрэгхангай, Гурван булаг, Баяннуур, Дашинчилэн сумдад зам дагуух худалдаа, үйлчилгээ цэг байгуулах
• Хутаг-өндөр, Сэлэнгэ, Баяннуур, Дашинчилэн, Орхон сумдад жимс, хүнсний ногооны боловсруулах үйлдвэрлэл байгуулах
• Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Хутаг-өндөр, Сайхан, Сэлэнгэ, Хангал, Бугат, Хишиг-өндөр, Бүрэгхангай, Булган сумдад зочид буудлын, амралтын сувилалын үйлчилгээний бизнес эрхлэх боломж, зах зээлийн эрэлт хэрэгцээ их байна.
• Тэшиг, Хутаг-өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон сумдад газар тариалангийн техник дундын үйлчилгээ
• Булган суманд 1000тн, Сэлэнгэ, Хутаг-өндөр суманд тус бүр 500тн механикжсан хүнсний ногооны зоорь барих
• Бүх сумдад мал үржлийн аж ахуй нэгж байгуулах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, төмс, хүнсний ногоо тариалах бүрэн боломжтой. Хангайн бүсийн Булган, Хөвсгөл, Орхон аймгийн нийт 307.3 мянган хүн амын хүнсний хэрэгцээ байгаа юм.
• Худаг усны компани байгуулж, аж ахуй нэгж, иргэдэд худаг гаргах үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.
Мал зүйч, агрономич, туслах малчины ажлын байрт мэргэжилтэй боловсон хүчний ажиллуулах, сургаж дадлагажуулахад бид нээлттэй байх болно.
Нийгэм, эдийн засгийн өсөлт нэмэгдэж хот байгуулалт, зам харилцаа, аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт эрчимжих хандлагатай байгаа тул Булган хотын газар нутгийг 1105.1 га газраар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Жилд Булган аймгийн хэмжээнд 800-1000 гаруй иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр шинээр газар өмчлүүлэх боломж бүрэн байна. Цаашид хүн ам өсөх, шилжин суурьшихад хот суурин газрын суурьшлын бүсийг тэлэх, газрын нөөцийг тогтоон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.
Хот тосгон бусад суурины суурьшлын бүсэд иргэн болон хуулийн этгээдэд 58436.2 га газрыг өмчлөх болон эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд:
➢ Авто зам даган үүсэх суурьшлын бүсэд 24 байршилд 1194.3 га
➢ Шинээр үүсэх сууршлын бүсэд 5 байршилд 562.6 га
➢ Багийн төвийн суурьшилын бүсэд 19 байршилд 6399.2 га
➢ Зуслангийн газрын суурьшилын 31 байршилд 11042.6 га
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар шинээр 310 байршилд газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
• Эрчимжсэн мал аж ахуй, зөгий үржүүлэгийн чиглэлээр 109 байршилд 3993.3 га
• Амралт, рашаан сувилал, аялал жуулчлалын чиглэлээр 176 байршил
• Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 25 байршил
2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд дараах газруудыг хууль тогтоомжийн дагуу шинээр өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөгдснийг нэгж талбар тус бүрээр нээлттэй цахим системд байршуулан хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Үүнд:
• Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1027 иргэнд 134.23 га газрыг шинээр газар өмчлүүлэхээр
• Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 143 иргэнд 12.23 га
• Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 1735 иргэнд 114.7 га
• Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 401 иргэнд 155.32 га газрыг өргөдлийн дагуу эзэмшүүлэхээр,
• Харин худалдаа, үйлчилгээний зориулалтаар 28 байршилд 5.28 га, хөдөө аж ахуй, эрчимжсэн мал, аж ахуйн зориулалтаар 17 байршилд 19.40 га, амралт, аялал жуулчлалын чиглэлээр 9 байршилд 12.1 га газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэхээр тус тус төлөвлөгөөнд тусгагдсан байна.
Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 450-550 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн ба 2021-2023 оны байдлаар 140 айлын орон сууц ашиглалтад ороод байгаагийн 15 хувь сумдад ашиглалтад орсон.
2023-2027 онуудад 300-350 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүний 30-аас багагүй хувийг хөдөө орон нутагт барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн сумын төвүүдийн төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглан нийтийн болон амины орон сууц барих аж ахуй нэгж, компаниудыг бодлогоор дэмжин ажилладаг.
Томоохон бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүд, шинээр ажлын байр нэмэгдүүлэх боломж:
Булган сумын 4-р баг, Зүүн түрүү, Домын дэвсэгт 90 га-д үйлдвэр технологийн парк байгуулна. Тус төлөвлөлтөд: Барилгын материал үйлдвэрлэл цогцолбор, мах боловсруулах цогцолбор, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрийн цогцолборыг батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу төр хувийн хэвсшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ. Уг газарт цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, усны эх үүсвэрийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулаад байна.
Үйлдвэр технологийн паркад хөрөнгө оруулах, үйлдвэр, үйлчилгээ бий болгох аж ахуй нэгжүүдэд нээлттэй.
Эгийн голын УЦС, Орхоны хөндийд байгуулагдах Хархорум хотын бүтээн байгуулалт, аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замын давуу талыг түшиглэн, аймгийн аялал жуулчлалын хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр шинээр бий болж хүн амын төвлөрөл нэмэгдэх хандлагатай байна.
Булган аймаг нь Хангайн нурууны салбар Хантай, Булган хан, Ханжаргалант, Дулаан хан, Намнан, Бүрэгхангай, Хөгнөхан, Авзага хайрхан зэрэг далайн түвшнээс 2000 м-ээс дээш өргөгдсөн байгалийн үзэсгэлэнт 20 гаруй уул нурууд, Сэлэнгэ, Орхон, Эг, Туул, Хануй, гэсэн 5 том гол мөрөн, Тарвагатай, Алтаад, Тээл зэрэг 385 гол горхи, 639 булаг шанд, Хунт, Хульж, Хануй, Их булаг, Цагаан гол, Чулуут, Зүүн түрүү зэрэг 67 рашаан, Харгал, Цэгээн, Шарга, Хунт, Айрхан, Өрмийн нуур, Чингийн нуур зэрэг 127 нуур цөөрөмтэй. Нутаг дэвсгэрийн хувьд байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, байгалийн баялаг, ургамал, амьтны нөөц ихтэй.
Монголын анхны төрт улс Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан гүрний үед холбогдох түүх, соёл, археологийн ул мөр хөшөө дурсгал олонтой. Могод сумын Хөл Асгатын чулуун хөшөө, Баян-Агт сумын Елтерес Кутлуга хааны цогцолбор, Сайхан сумын Моюунчур хааны гэрэлт хөшөө, Дашинчилэн сумын Кидан гүрний Хар балгас, Чин толгой, Цогт тайжийн Цагаан ордон, гэрэлт хөшөө, Азид томоохонд тооцогдох цагаан суварга, Диваажингийн сүм, Баяннуур сумын Шороон бумбагарын бунхант булш зэрэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалуудтай.
Жилд дунджаар гадаадын 8500 гаруй, дотоодын 100000 гаруй жуулчид зорин ирэх буюу дайран өнгөрдөг. Ялангуяа рашаан сувилалд орж, эх орны үзэсгэлэнт газраар аялахыг хүссэн жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, Элсэн тасархай, Хар бухын балгас, Цогтын цагаан байшин, Хульж, Их булаг, Хануй, Цагаан гол, Хунтын рашаан,Тэшиг сумыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн нь аялал жуулчлалын бизнех хийх, хөгжүүлэх боломжтой юм. Аймагт одоогийн байдлаар 19 жуулчны бааз, 145 амралтын газар, 13 рашаан сувиллын газар, 5 зочид буудал,11 дэн буудал, 2 ангийн отог үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлалын маршрут дагуу олон төрөлт аялал жуулчлалын бизнес эрхлэх аж ахуй нэгжүүдэд нээлттэй байна.
Байгальд түшиглэсэн адал явдалт аяллыг хөгжүүлэх дэд бүс
(Намнан уул, Хутаг-Өндөр, Тэшиг сум, Зэд-Хантайн ДЦГ-ын хил хязгаар, Сэлэнгэ мөрний сав)
Амралт, чөлөөтийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүс (Булган хот, Бугат сум орчим)
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүс
(Баяннуур, Дашинчилэн сумын түүх археологийн дурсгалт газрууд, Бүрэгхангай сумын өмнөд хэсэг)
Бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих, дамжин өнгөрөх дэд бүс
(Рашаант сумын Элсэн тасархай, Хөгнө хан уулын орчим)
Амралт, рашаан сувиллыг хөгжүүлэх дэд бүс
(Уран тогоо орчим, Хануй, Цагаан голын сав, Шарга, Хунт, Рашаант нуур орчим, Хулжийн рашаан)
2024 оны “Алтаргана” олон улсын наадмыг Булган аймагт зохион байгуулна. Тус олон улсын наадам 4 улс орны төлөөлөл оролцох бөгөөд 50-60 мянган жуулчин ирэхэд олон төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ шаардлагатай байна.
Е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 16 суманд бүрэн нэвтрүүллээ. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ''SMART BULGAN' гар утасны аппликэйшнаар Булган аймгийн цаг үеийн мэдээ мэдээлэл, тендэрийн мэдээллийг шуурхай, хялбар авч, гомдол саналаа цахимаар орон зайнаас үл хамааран илгээх цахимжсан аймаг юм.
Төрийн захиргааны албан тушаалд 9 агентлаг, 14 суманд 99, төрийн үйлчилгээнээс бусад салбарт нийт 250 сул орон тоо байна.
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-тай 3-5 жилийн хугацаанд Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ.
2023 онд БНСУ-ын КҮҮКЖЕ их сургуульд 16 оюутныг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр, Беларусь улсад хөдөө аж ахуй, эдийн засаг, газар зохион байгуулалтын чиглэлээр оюутан сурагчид, төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлууд албан ёсоор эхэлүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөцөд орох боломжийг нээж өглөө.
Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ