Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага Онцгой байдлын албанд бүртгэгджээ.
Тухайлбал, зул, хүж асаах зэргээр ил гал гаргасны улмаас Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус тус түймэр гарчээ. Мөн Багануур дүүрэгт автомашин цасанд сууж эвдэрсэн, шатахуун дууссан гэсэн 2 дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж хоёр автомашиныг татан гаргаж 7 том хүн, 5 хүүхдийг аварч, иргэдийн аюулгүй байдлыг хангав.
Түүнчлэн баярын өдрүүдэд дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна. Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар