Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нарын холбогдох албаныхан энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэ цогцолбор, Ложистикийн төвд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтыг бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж, энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа билээ.
Тус барилга, байгууламж нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.
Замын-Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бол өнөөдөр нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.
Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааны хүрээнд Замын-Үүд, Эрээний боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, эргэлтийг нэмэгдүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг олон чухал асуудлыг харилцан тохиролцсон талаар дурдлаа.
Мөн Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэ бүтээн байгуулалт нь монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тус боомтын бүтээн байгуулалт хийгдсэнээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4 дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо 7 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтрэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой юм.