Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү байлцлаа.
Дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
1. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав. Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээг эхлүүлнэ.
2. Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт болон ховор металлын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Судалгааны төв байгуулна.
3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан хороо байгуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хамтран ажиллана. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
4. Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Ду Хүн гарын үсэг зурав.
Талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд цэргийн нууцын зэрэглэл бүхий мэдээллийг харилцан хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах салбарт албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
5. Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён гарын үсэг зурав.
Соёл, урлаг, кино үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, хөгжмийн салбарт мэргэжилтэн, уран бүтээлчдийг харилцан сургах, солилцох, хамтын бүтээл туурвих, туршлага солилцох, хоёр улсад зохион байгуулагдах олон улсын урлагийн наадам, симпозиум, семинар болон бусад үйл ажиллагаанд уран бүтээлч, төлөөлөгчдийг харилцан оролцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6. Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилгод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д ухаалаг, шинэ хот байгуулахад хамтран ажиллана.