Сүүлийн саруудад Аргентинийг зорих жирэмсэн Орос эмэгтэйчүүдийн тоо таван мянга давсныг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ, нэг удаагийн нислэгт 33 жирэмсэн эмэгтэй ниссэнийг онцолжээ.
Тус улсын цагаачлалын албанаас мэдээлснээр, сүүлийн үед ирж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь жирэмсний сүүлийн долоо хоногтоо ирж байгаа гэнэ. Үүний шалтгаан нь Аргентинд хүүхдээ төрүүлбэл тус улсын иргэншилтэй болдогтой холбоотой юм байна. Тодруулбал, Аргентиний иргэн болсноор 171 улс руу визгүй нэвтэрч болно. Түүнчлэн хүүхэд нь Аргентиний иргэн болчихвол эцэг эх нь ч тус улсын иргэншил олж авахад амар болдог байна. Энэ үйл явдлыг Орос, Украины дайны нөлөөтэй холбож хэвлэлүүд тайлбарлаж байна.
Дайн энэ байдлаараа сунжирсаар байвал, мөн дууслаа ч дэлхий нийт Оросын ард иргэдэд таатай хандахгүй гэж үзсэний улмаас ийнхүү хүүхдээ Аргентинд төрүүлэхээр зорьж байгаа нь энэ гэж таамаглаж байгаа юм. Эдгээр ээжүүдийн нэг нь “Аргентиний пасспортой байх нь хүүхдэд минь илүү тайван ирээдүйг өгнө” гэж итгэж буйгаа хуваалцжээ.
Сүүлд нисэж ирсэн 33 эмэгтэйн гурав нь бичиг баримтын асуудлаар саатуулагдсан байна. Тэд аяллын зорилгоо аялал жуулчлал гэж хэлсэн байгаа юм. Гэхдээ бүсгүйчүүдийн хуульч нь тэднийг гэмт хэрэг хийгээгүй, буруу үйлдэл хийгээгүй гэж тайлбарласан учраас суллагдсан байна. Орос, Украины дайн эхэлснээс хойш хөрш Европын орнуудаас нь авхуулаад хэд хэдэн улс ОХУ-тай визгүй зорчдог байснаа цуцалсан билээ.
SOURCE: BBC