Америк хөлбөмбөгийн улирлын хамгийн сүүлчийн тулаан болох “Super Bowl” өнөөдөр нээлтээ хийнэ. “Super Bowl” нь спортоос гадна энтертайнмент, маркетингийн талбар болтлоо хөгжсөн юм.
Энэ жилийн нээлтийг дуучин Рианна хийх гэж буй нь олны хүлээлтийг ихээр үүсгээд байгаа. Түүний нээлтийг хүлээж, догдолсон шүтэн бишрэгчдээс нь гадна өөлөх хүмүүс мөн байгаагийн нэг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп байв.
Тухайлбал, Доналд Трамп “Тэр хэн ч биш шүү дээ. Авьяасгүй” гэж цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Энэ нь дуучин бүсгүйн 2020 онд инстаграм хуудаснаа оруулж байсан зурагтай холбоотой юм байна. Тэрээр эвдэрсэн машин дээр шүршдэг будгаар зураг зурсан байх ба нэг зурган дээрээ “Трампыг хараал ид” гэж бичсэн байжээ.
Дуучин бүсгүй Трампын засаглалын үед түүнийг дэмжихгүй байгаагаа ч мөн нээлттэй илэрхийлсээр ирсэн байна. Гэхдээ Доналд Трамп уран бүтээлчидтэй түнжин хагарах нь хэвийн үзэгдэл болсон тухай энтертайнмент мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Ташрамд дурдахад, сүүлийн зургаан жил уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин Рианна өнгөрсөн онд “Black Panther: Wakanda Foreva” киноны дууг дуулж шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан. Энэ удаагийн “Super Bowl”-ийн нээлтийн тухай таамаглалууд ч хэдийн ТикТок платформ дээр тренд болоод эхэлжээ.