“Их бит” ХХК-ийн IHC койнтой холбоотой хэргээр О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчилж, цагдан хориод байсан билээ. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжүүлэн хорих саналыг шүүх рүү илгээсэн. Тэднийг цагдан хорих прокурорын хүсэлтийг шүүх хэлэлцээд татгалзсан юм. Улмаар энэ сарын 6-нд суллан, хилийн хориг тавиад буй.
Уг саналыг ямар үндэслэлээр хүлээж аваагүйгээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тайлбарлав.
Мөрдөгч нь сэжигтэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байхад прокурор тэдгээрийг яллагдагчаар цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна. Тиймээс үргэлжлүүлэн цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд
“Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, танилцуулсны дараа яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.
Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна. Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа шаардлагатай гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэв.