Өнгөрсөн жил Энэтхэгийн таван хүүхэдтэй нэгэн айлд цочирдмоор үйл явдал тохиосон. Тодруулбал, Ролли Пражапати дөрвөн ахынхаа хамт тоглож байсан бол түүний эцэг, эх нь нөгөө өрөөнд оройн хоол бэлтгэж байжээ. Гэнэт буун дуу гарч, сандарсан эцэг эхийг нь аймшигт дүр зураг угтсан нь зургаан настай охиных нь үхэл байв. Хэдийгээр энэ хэргийн сэжигтэн олдоогүй байгаа ч Роллигийн эцэг эх Энэтхэгт ховор тохиолддог нэгэн шийдвэрийг гаргаснаар хэвлэлүүдийн анхааралд өртөөд байгаа юм. Тодруулбал, тэд удаан хугацаанд бодсоны эцэст бяцхан охиныхоо эрхтэнийг донор болгож, өөр хүмүүсийн амьдралыг аврахаар шийджээ. Түүний хоёр бөөрийг 14 настай охинд шилжүүлэн суулгаснаар өөр нэгэн бяцхан амьдралыг аварсан байна. Учир нь энэ 14 настай хүүхдийн эцэг эх ийм донор хайж дөрвөн жилийг үдсэн байжээ. Роллигийн бусад эрхтнүүд ч хүмүүсийн амьдралыг аварсаар байгаа гэнэ. Тухайлбал, түүний элгийг зургаан настай хүүд шилжүүлэн суулгасан бол зүрх, нүд нь ч мөн дөрвөн хүнд амьдрал хайрласан байна.
Хэдий Энэтхэг улс хүн амын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг ч донорын жагсаалтад 62-т бичигддэг байна. Тус улсын ард иргэд нас барсан хүний эд эрхтэнг шилжүүлэн суулгах явдалд шүүмжлэлтэй ханддаг нь үүнд нөлөөлсөн гэнэ. Харин Роллигийн эцэг эхийн шийдвэр олон хүний амийг аварснаар Энэтхэгт энэ төрлийн ойлголт багасахад нөлөөлнө гэж томоохон хэвлэлүүд бичиж байна.
Эх сурвалж: BBC