Сэтгэл гутралын эмгэгтэй болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд ихсэж буй талаар СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. СЭМҮТ-д сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ үзүүлдэг зургаан эмч байдаг. Нэг эмч өдөрт 25-60 хүн хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн асуудалтай 150-300 хүн өдөр бүр үйлчлүүлж байна гэсэн үг юм.
Энэ талаар Поликлиникийн эмч П.Энхчимэг ярихдаа, “Өдөрт 150-300 хүн үйлчлүүлдгийн 25 хувь нь сэтгэл гутралын шалтгаантай байна. Цаашдаа ч нэмэгдэх бололтой. Уг нь сарын эхээр үзүүлэх хүн олон болоод сарын сүүлээр багасдаг юм. Гэтэл одоо ялгаагүй болж эхэлж байна.
Сэтгэл гутралын шалтгаанаар бүх насны хүмүүс ирдэг. Харин сүүлийн үед залуучууд их ирэх болоод байгаа. Нийгмийн бухимдал, ажилгүйдэл стрессээсээ болдог байх. Мөн зарим нь ажлаа байнга бодсоор байгаад сэтгэл гутралд орсон хүн ч байна. Амьдралд нь ямар нэг үхэл, гарз тохиоход даван туулах явц нь удааширснаас болж сэтгэцийн эмгэгтэй болж байгаа хүн ирж байна. Өсвөр насны хүүхдүүд цахим орчноос дарамт мэдрэх зэргээс болоод сэтгэл гутралд ордог.
Бидэн дээр хос залуус их ирэх боллоо. Нэг нэгнээ ойлгохгүй байдлаас болж нэгнээ дарамтад оруулж, улмаар эмэгтэйчүүд нь сэтгэл гутрал, нойргүйдэлтэй болж ирэх болсон. Зарим нь амиа хорлох бодол төртлөө сэтгэл гутрал нь гүнзгийрсэн байх жишээтэй. Дээрээс нь ихэнх хүмүүс цахим орчноос болсон болоогүй зүйл олж уншчихаад өөрийгөө сэтгэл гутралтай гэж үзэн, улмаар жинхнээсээ сэтгэл гутралтай болж байна. Тиймээс түр зуурын сэтгэл гутрал, сэтгэл гутралын эмгэг гэдгээ ялгаж ойлгох чухал байна. Сэтгэлээр унах нь олон хоног үргэлжилж ажил амьдралд чинь нөлөөлөөд ирэх юм бол эмчид хандах нь зүйтэй” гэлээ.