Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаар болсон. ЕТГ-аас өнөөдөр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болоод байна. Уг хуульд олон нийтийг дуу хоолойг боомилох, цахим орчныг хязгаарлах, сүлжээ хаах заалт орсон учир хүний язгуур эрхийг зөрчсөн хуулийг хэрэгжүүлж болохгүй хэмээн нийгэмд эсэргүүцлийн давлагаа бий болсон юм.
Хуульд ямар заалтууд орсон бэ?
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд дараах заалтыг тусгаад байгаа юм.
ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ
6 дугаар зүйл.Зөрчилтэй контент
6.1.Зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараах мэдээллийг хамааруулна:
6.1.1.Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон;
6.1.2.цахим сүлжээ ашиглан залилсан, залилахыг завдсан;
6.1.3.хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан;
6.1.4.хүчирхийлэл, садар самууныг уриалсан, сурталчилсан;
6.1.5.хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;
6.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан;
6.1.7.экстремист үйл ажиллагаа явуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, уриалсан агуулга бүхий;
6.1.8.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;
6.1.9.оюуны өмчийн эрхийн зөрчилтэй;
6.1.10.гэмт хэрэг, зөрчилд тооцогдох үйлдлийг нарийвчлан зааварчилсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг уриалсан, өдөөн турхирсан, хатгасан, сурталчилсан, дэмжсэн;
6.1.12.хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл, хараа хяналтгүй амьдрахад татан оруулсан, уриалсан, өдөөн хатгасан, сурталчилсан.
6.1.13.мэдээлэл нийтлэгдсэн олон нийтийн сүлжээний нөхцөл, шаардлагыг зөрчсөн” гэж үзэн тус тус хязгаарлахаар зохицуулжээ.
Тус хуулийн төслийг дагалдуулан Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна.
1 дүгээрзүйл. Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:
“21.2.8.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархацыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж заажээ.
Үүнээс гадна, Харилцаа холбооны тухай хуульд ноцтой өөрчлөлт орж байна. Үүнд:
1 дүгээрзүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
“23.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн хуулийн төслөө батлаад байсан юм.