Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс хөгжиж буй орнуудад зориулсан худалдааны шинэ схем гаргаж, түүний өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм.
Цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, тэр дундаа Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Британи Улсаас санхүүжилт авах хүсэлт тавив. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Британи Улсыг хамруулсан 34 улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлсөн болохыг дурдаад монгол иргэд Британи Улсад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, түүний тулд юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Рааб Британи Улсын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого (Indo-Pacific Tilt)-ынхоо хүрээнд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь сайн жишээ болох боломжтой гэж харж буйгаа хэлэв. Тийм ч учраас Британи Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, экспортын санхүүжилтийн асуудлаар санамж бичиг байгуулахыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна. Цаашид Британийн бизнес эрхлэгчдийн Монгол Улсын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Британи Улсын туршлага дээр үндэслэн Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан “Ухаалаг хот” байгуулах төсөл нь Оюу Толгой төслийн адилаар бодит үр дүнгээ өгөх жишиг төсөл байж болохыг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар холбогдох бусад байгууллагуудтай ярилцана гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн боломж гарвал Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа уламжиллаа.