Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлж, түмэн олноо баясгаж явсан Монголын цуут хүлгүүдийн нэг нь яах аргагүй төрийн түмэн эх аварга зээрд. Дарьгангын цуут хурдан буян, домогт хүлэг 28 насандаа тэнгэрийг хүлэг боллоо. Дарьгангын цэнхэр хязгаартаа, ижил сүрэгтээ идээшилж, салхинаас өөр хүрэх зүйлгүй 15 оныг үдээд ийнхүү хөлөө амраалаа.
Аварга зээрд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Тогос” хэмээх Гомбосүрэнгийн Борчулууны унаган адуу. 1980-аад оны эхээр Сүхбаатар аймгийн Халзан сумын Ухна гэдэг хүний адуунаас нэгэн буурал үрээг Борчулуун авч, азарга тавьжээ. Тэрхүү буурал азарганы төл нь аварга зээрд. Эх зээрд гүү нь Дарьгангийн жижиг зээрдүүдийн угшилтай.
Аварга зээрд 2001, 2003 Дарьганга сумын наадам түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байв. Үүний дараа сайд асан, Монгол Улсын манлай уяач Ч.Улаан худалдаж авсан юм. Энэ цагаас “Ч.Улаан сайдын зээрд” гэгдэн, тод манлай уяач Сандуйжав уяа сойлгыг нь тааруулж байв.
Аварга зээрд Ч.Улаан сайдад ирсэн жилээ буюу 2004 онд Төрийн наадамд түрүүлж, түмний эх болсон. Тэр жилээ мөн “Их хурд”-д айргийн гуравт давхин, Алтан овооны төрийн тахилгад аман хүзүүдэн, Монголын цуут хүлэг гэдгээ батласан юм. Нэг жил ийм том гурван уралдаанд торгон жолоо өргүүлсэн нь яах аргагүй бахдам амжилт.