Монгол банкны удирдлага БНСУ-ын KT группийн “БиСи карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол банканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц, банк хоорондын төлбөр, тооцоо, төлбөрийн картын программ, техник хангамж олон улсын жишигт хүрч, Монгол улс дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг саадгүй дамжуулах боломж, нөхцөл бүрдсэн. Технологийн том боломжийг бодит ажил болгох эхний алхмыг БНСУ-ын KT группийн охин компани болох “БиСи карт” байгууллагатай хамтран эхлүүлж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол банк Монгол Улсын хэмжээнд төлбөр тооцооны өртгийг бууруулж, санхүүгийн үйлчилгээг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх үндэсний төлбөрийн эко системийг хөгжүүлэн иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд үндэсний брэнд Т картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох зорилт тавин, бодит биеллээ олоход та бид өнөөдөр дахин нэг шинэ алхам хийхээр хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэн, энэ цаг хугацааг улам ойртуулж байна. Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар Монгол улсын төлбөрийн зах зээл нэлээдгүй тэлэх бөгөөд иргэд дотоодын Т картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болно гэж харж байна” гэж гарын үсэг зурах арга хэмжээг нээж, хэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.