Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон урд хөрш хилээ нээсэнтэй холбоотой Ковид-19-ийн нөхцөл байдал, зөвлөмж талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан “Цагаан сар болох гэж байна. Мөн хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой хүн амын бөөгнөрлийг нэмэгдэх учраас бөөгнөрлийг сийрүүлж, саармагжуулах хэрэгтэй.
Хичээл, сургууль эхлэхээр анги танхимд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх. Агаар сэлгэлтийг 2-3 минут тутамд хийх, үдийн цай, хоолны цэсд амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол, хүнсээр бүрдүүлэх. Халуун бүлээн аньс, чацарганын шүүс, аарц зэргийг түлхүү өгөх хэрэгтэй.
Эрүүл мэнд өөрөөс хамаардаг учраас эрүүл мэндийн боловсролдоо анхаарч, хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж маскаа тогтмол зүүх хэрэгтэй” гэв.
“Дэлхий нийтэд өнгөрсөн долоо хоногт Ковид-19-ийн 1.8 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм. АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Бразил зэрэг улсуудад Ковид-19-ийн тохиолдлын тоо өндөр байна.
Манай улсад энэ оны гуравдугаар долоо хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 хүн хяналтад байна.
Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэгт үндэсний төвүүд, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газар, галийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэг нь боомтоор ирж байгаа гаднын болон дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байна.
Хил нээгдсэнээс хойш нийт орж ирсэн гаднын болон дотоодын иргэдээс 365 хүнийг түүвэрлэн, шинжилгээнд хамруулсан. Өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй байна. Урд хөршид Ковид-19-ийн тохиолдлын тоо өндөр бүртгэгдэж байгаа учраас эрсдэл өндөр байна. БНХАУ-ыг зорих гэж байгаа иргэд эдгээр эрсдэлийг тооцож, бизнес, аяллаа төлөвлөөрэй. Хамгийн гол нь өөрийгөө хамгаалах маскаа мартаж болохгүй” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.