Хятадын Шаньси мужийн бүс нутагт авс хийдэг хүмүүс сүүлийн өдрүүдэд завгүй болсон талаар BBC агентлаг сурвалжилжээ. Тодруулбал, сүүлийн үед маш завгүй ажиллаж байгаа талаараа тэд хуваалцсан байна. Зарим тохиолдолд бүх авс зарагдаж дуусаж байгаа гэнэ.
Хятад дахь ковид-19-ийн тохиолдлын бодит тоо статистикийн талаарх мэдээлэл маргаантай байгаа энэ үед албаны хүний хийсэн мэдэгдэл нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгосон. Тухайлбал, Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач У Зунью нэгдүгээр сарын 21-нд Вэйбо хуудаснаа нийт хүн амын 80 орчим хувь нь ковид-19-ийн энэ давлагааны улмаас халдвар авсан гэсэн юм. Түүнчлэн ойрын 2-3 сарын хугацаанд их хэмжээний тахал дахин сэргэх магадлал өндөр байгааг хэлсэн. Ийнхүү Хятадын эрүүл мэндийн томоохон мэргэжилтний хэлсэн үг гаднын хэвлэлүүдийн таамгийг баталсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын албаныхан долоо хүрэхгүй хоногийн хугацаанд ковидын шалтгаант 13 мянга гаруй нас баралт бүртгэгдсэнийг хэлсэн. Гэхдээ энэ нь зөвхөн эмнэлэгт бүртгэлтэй тоо бөгөөд бодит байдал дээр хэд дахин илүү байх магадлалтайг хэвлэлүүд таамаглаж байна.
Эх сурвалж: BBC