Ардчилсан намынхан өчигдөр хоёр өөр газарт зэрэг хуралдацгаалаа. Нэг талынхан нь Үндэсний бодлогын хуралдаанаараа намын даргаа сонголоо. Санал хураалтад С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нар оролцож, Лу.Гантөмөр олонхийн саналаар намын дарга боллоо. Санал хураалтын дараа тэд “Сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрч байна” хэмээн улстөрийн соёл гаргасан нь ч олон нийтээс таатай үнэлгээ авлаа. Удаан хугацаанд “шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг явсан” АН-ынхан одоо эвлэх болов уу гэх хүлээлт ч гишүүд дэмжигчдийнх нь дунд эндээс бий болов.
Ийнхүү О.Цогтгэрэлийн талын гэгдэх Ардчилсан намынхан, намынхаа дотоод сонгуулиа хийхээр нэр дэвших хүмүүсээ зарлах зуур, С.Эрдэнийн талынхан нь ч бас цуглаж “Хүчинтэй тамга зөвхөн бидний гарт л байгаа” гэж зарлаж байлаа. С.Эрдэнэ цахим хуудсандаа “АН өнөөдөр сонгууль зохион байгуулаагүй. Хүчинтэй тамга надад байгаа учир намын нэр барьсан хэн ч сонгууль хийгээд нэмэргүй” хэмээн зарлав. Ингэснээр АН-ын эвлэрэлд цаашид бас ч гэж хугацаа орох нь, цаашдаа тэд эвлэрч чадах уу, Лу.Гантөмөрийг Улсын дээд шүүх даргаар бүртгэж авах уу гэдэг асуудал хөндөгдөж байна.
Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд намын дотоод зөрчил гэх үг өмнөө барьж, парламентад сөрөг хүчний хяналтын үүргээ мартаж ирсэн. Тиймээс ч олон нийт тэднээс хариуцлага нэхэж “Улс оронд нэг намын дарангуйлалд орж буйн хариуцлагыг АН-аас нэхье” хэмээн шаардаж байна. Энэ ч үүднээс УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын алдаатай бодлогыг хязгаарлаж чадах уу, АН эвлэрч, сөрөг хүчин шиг зогсож чадах уу гэх хүлээлт ч нийгэмд үүсээд байна. Хэд хэдэн даргатай АН-ынхан цаашид ямар нүүдэл хийж, ойлголцож чадах эсэхээс улс төрийн тавцан дахь олон зүйл шалтгаалахаар байна.