Өнгөрсөн Ням гарагаас эхлэн ОХУ-ын агаарын цохилт зүүн Украины бүс нутгийг онилсоор буй. Тодруулбал, Днипро хотод болсон пуужингийн цохилтуудын улмаас 40 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн шархдаж, барилга нурсан хэрэг гарсан. Тиймээс Украины ерөнхийлөгч Владимир Зеленский барууны холбоотнуудаас нэмэлт зэвсгийн тусламж хүсчээ.
Украины ерөнхийлөгч энэ талаар “Бидэнд яг хэрэгтэй байсан зэвсгийн тусламж ирэхээр болсон. Үүнд танк, их буу, хуягт тээвэрлэгч зэрэг багтаж байна” гэж ээлжит бичлэгээрээ дамжуулан мэдэгджээ. Ингэхдээ Владимир Зеленский барууны холбоотнуудаас байлдааны танкуудыг ойрын хугацаанд нэмэлтээр илгээх тухай дурдсан байгаа юм.
Түүнчлэн Даваа гарагт Швейцарын Давос хотноо эхэлсэн “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аар улс орнууд Украинд нэмэлт тусламж олгох шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.
SOURCE: DW