Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ гурван өдөр үргэлжлэн, өчигдөр дууслаа. Эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 31, холимог багийн ес дэх удаагийн тэмцээнд 34 байгууллагын 283 тамирчин зодоглож, аваргуудаа тодруулав.
Энэ жилийн улсын аваргыг дэлхийн аварга, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, Ё.Басхүү, ОУХМ А.Адъяасүрэн нарын шилдгүүд өнжлөө.
Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар УАШТ-д 20 дахь удаагаа оролцоод албан ёсоор зодог тайлав. Тэрбээр энэ жилийн улсын аваргад 39 насандаа медалийн төлөө барилдан, ясны бөх гэдгээ дахин харууллаа.
Мөн тэмцээний үеэр Монголын шилдэг жүдочдын нэг Б.Хорлоодой АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар болсныг зарласан юм.
УАШТ-д Б.Ганхайч найм дахиа түрүүлсэн бол Б.Баасанхүү, Л.Сосорбарам, М.Ичинхорлоо, Б.Сүхбат, Б.Эрхэмбаяр, Б.Батболд нар өнгөрсөн амжилтаа баталж, хошой аварга боллоо. Б.Баасанжаргал, О.Хүслэн, Д.Номинзул, Б.Эрдэнэбаяр, Г.Пунцагцэрэн нар анх удаа түрүүлж, залуу үе түрэн гарч ирж буйг харууллаа.
Холимог багийн барилдаанд “Алдар” спорт хорооны жүдочид түрүүлж, “Хилчин” спорт хорооныхон мөнгө, “Женко” клубийнхэн хүрэл медаль хүртэв.
Б.БАТГЭРЭЛ: 2023 ОНЫ ШИГШЭЭ БАГАА БҮРДҮҮЛЭХ УАШТ-ИЙ АМЖИЛТ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
Энэ жилийн тэмцээний онцлогийн талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодруулахад “Залуу тамирчид өөрсдийгөө нээж харуулсан, медаль авсан тэмцээн боллоо. Онцолбол, эмэгтэйчүүдээс мөнгөн медаль авсан Есүй, Нандин-Эрдэнэ, 57 кг-д хүрэл медаль хүртсэн Ариунзаяа гэх мэт залуу тамирчид өөрсдийгөө харуулж, улсын аваргад анх удаа оролцоод, анхны медалиа хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Сүхбат хоёр жил дараалан түрүүллээ. УАШТ 2023 оны шигшээ багаа бүрдүүлэх, гран при, гранд слам тэмцээнд оролцох эрх олгоход чухал нөлөөтэй. Жүдочид чансааны оноо цуглуулдаг, ранкаар явдаг тул улсын аваргад түрүүлсэн тамирчин шууд дэлхийн аваргад оролцоно гэсэн ойлголт байхгүй.
Ойрын хугацаанд оролцох хэд, хэдэн тэмцээн бий. Нэгдүгээр сарын 24-нд Португалийн гран при рүү манай залуу тамирчид явна. Хоёрдугаар сарын 4-5-нд болох Парисын Их дуулгад манай тамирчид оролцоно” гэлээ.
Г.ПУНЦАГЦЭРЭН: УАШТ-Д ТҮРҮҮЛЭЭД УЛАМ ХИЧЭЭХ УРАМ АВЛАА
Гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын шилдгүүдийн ялан, улсын аваргад анх удаа түрүүлсэн, улсын арслан Б.Ганбаатарын хүү Пунцагцэрэн “Аварга болъё гэхээсээ илүү өмнөх өрсөлдөгчөө л ялъя гэж бодож барилдсан. УАШТ-д түрүүлээд их урам авлаа. Илүү их амжилт гаргах боломж надад байна гэж бодлоо.
Би жүдо бөхөөр 2014 оноос хойш хичээллэж байна. Сонирхлоороо л гэхээс үндэсний бөхөөр тууштай барилдахгүй байгаа. Долоо хоногт нэг удаа бэлтгэл хийдэг. Жүдод хэрэгтэй болов уу гэж бодоод. Сумын заан цолтой” гэв.
Б.БААСАНХҮҮ: БЭЛТГЭЛЭЭ ТАСРАЛТГҮЙ ХИЙСНИЙХЭЭ ҮР ШИМИЙГ ХҮРТЛЭЭ
48 кг-д түрүүлж, улсын хошой аварга болсон Б.Баасанхүү “Үндэсний жүдо бөхийн шигшээ баг дээрээ бэлтгэлээ тасралтгүй хийж байгаа. Улсын хошой аварга болсондоо баяртай байна. Бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийсний үр шим юм болов уу гэж бодлоо. Улсын аваргын төлөө Г.Наранцэцэгтэй барилдлаа.
Бид хоёр УАШТ-д дөрөв дэхээ таарлаа. Одоо ингээд барилдааны харьцаа 2:2 боллоо. Бэлтгэл сургуулилалт дээр давтдаг мэхээ хийнэ гээд гарсан. Түүнийхээ дагуу барилдаад түрүүллээ” гэв.
Б.ЭРДЭНЭБАЯР: ЦААШИД 73 КГ-Д БАРИЛДАНА
73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын эзгүйд Б.Эрдэнэбаяр түрүүлсэн. 81 кг-д УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэн, энэ удаа доод жиндээ барилдаад түрүүлсэн тэрбээр “Энэ жилийн тэмцээний өрсөлдөөн чанга байлаа. Ц.Цогтбаатар ах маань ороогүй. Оролцсон бол бүр илүү чанга болох байсан. Миний жин 77, 76 кг-аас хэтрэхгүй байсан байхгүй юу. “Доошоо жин хасаад барилдаад үз” гэж багш нар хэлсэн. Тэгээд доошоо 73 кг-д барилдсан. Өмнө нь 73 кг-д Монголд хоёр тэмцээнд оролцож байсан л даа.
Анхзаяатай барилдах эвгүй байсан. Бид хоёрын барилдаан нэг сайн таардаггүй. Давтаж байсан юмаа хийсэн тэгээд вазаригаар хожсон. Аваргын төлөө Уранбаяр гээд гар чангатай, гарыг нь муутгаж гэж бөөн юм болж байгаад арайхийж хожсон. Улсын аварга болоод зогсож байхад, зорилгодоо хүрэх эхний даваагаа давлаа гэж ойлгосон.
Жүдогоор би 2010 оноос хойш хичээллэсэн. Дараа, дараагийн тэмцээнд амжилттай оролцож, шинэ жиндээ сайн барилдахыг хичээнэ. Цаашид 73 кг-д барилдах байх да” гэв.
УАШТ-ий дүн:
Эрэгтэй:
60 кг: 1.Б.Сүхбат (Женко) 2.Э.Сумьяабазар (Женко) 3.Ж.Амарболд (Хэнтий), К.Ёолк (Дархан-Уул)
66 кг: 1.Б.Эрхэмбаяр (Алдар) 2.Л.Өнөболд (Хангарьд) 3.Г.Хэрлэн (Сүлд), Г.Галмандах (Хурд)
73 кг:1.Б.Эрдэнбаяр ("Хангарьд") 2.О.Уранбаяр (Хэнтий) 3.Д.Алтансүх ("Хангарьд"), Б.Мөнхбаяр ("Алдар")
81 кг: 1.Б.Батболд (Хангарьд) 2.Г.Болор-Очир (Сүлд) 3.Н.Хадбаатар (Хэнтий), Н.Дагвасүрэн (Сүлд)
90 кг:1.Г.Пунцагцэрэн (“Алдар”) 2.О.Ууганбаатар ("Сүлд") 3.С.Ган-Эрдэнэ ("Хилчин"), Мөнхбаяр ("Женко")
-100 кг: 1.Б.Гончигсүрэн ("Женко") 2.О.Хангал ("Алдар") 3.Г.Алтанбагана ("Алдар"), Б.Хүдэрчулуун (Боржин төв)
+100 кг:1.Ө.Дүүрэнбаяр ("Алдар") 2.О.Цэцэнцэнгэл ("Хүч") 3.Л.Энхболд (Хэнтий), Д.Цэрэнням (“Хилчин”)
Эмэгтэй:
48 кг: 1.Б.Баасанхүү (Сүлд) 2.Г.Наранцэцэг (Алдар) 3.Г.Бүрнээбаяр (Боржин), Э.Хүслэн (One Теаm)
52 кг: 1. Л.Сосорбарам (Баянхонгор) 2.М.Нандин-Эрдэнэ (Гүрү) 3.Г.Ганцэцэг (Хилчин),
Н.Баярмаа (Хурд)
57 кг:1.М.Ичинхорлоо ("Женко") 2.А.Намуундалай ("Алдар") 3.Т.Ариунзаяа (“Гуру”), О.Оюунчимэг (“Хилчин”)
63 кг: 1.Б.Ганхайч (Алдар) 2.Б.Есүй (Хүч) 3.А.Дэлгэрмаа (Хилчин), Ц.Сүнжидмаа (Хилчин)
70 кг: 1.Б.Баасанжаргал (“Хилчин”) 2.Ө.Ганзаяа (“Женко”) 3.Л.Амар-Энх (Боржин төв)
-78 кг:1.О.Хүслэн (Монголын жүдо академи) 2.Ц.Батцэцэг ("Эрч") 3.Б.Мягмарцэнд ("Женко"), А.Батзул ("Женко")
+78 кг: 1.Д.Номинзул ("Женко") 2.М.Ууганжаргал (“Сүлд”) 3.Б.Буянзаяа (ССЕБС), Э.Жаргалмаа ("Алдар").