Оросын нэрт жүжигчин Артур Сергеевич Смольянинов нь В.Путины хамгийн дуртай кинонуудын нэгт гол дүр бүтээж байсан нэгэн. Тус кинонд зөвлөлтийн цэргийн анги ба Афганистаны босогчдын тухай гардаг аж. Гэвч одоо түүнийг албаныхан гадаадын агент гэж сэжиглэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. Тэрээр Украины талд байлдахаар бэлтгэгдсэн, Оросын цэргүүдийг хөнөөхөд бэлэн гэж ярилцлага өгсөн байна.
Тодруулбал жүжигчин эр “Новая Газета” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр “Хэрвээ би байлдааны талбарт байсан бол Орос цэргүүдийг үзэн ядахаас өөр мэдрэмж лав надад төрөхгүй байх. Тэдэнд өршөөл огт үзүүлэхгүй” гэжээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Оросын хууль зүйн яам түүнийг ийн гаднын агент гэж үзсэн байна.
Өнгөрсөн зун А.С.Смольянинов ОХУ-д байхдаа анх дайны эсрэг буюу эх орноо буруутгаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин 10-р сард Москвагийн дүүргийн шүүхээс түүнийг Оросын зэвсэгт хүчний нэр хүндийг унагаасан хэргээр 30 мянган рубль буюу 430 ам.доллароор торгох шийдвэр гарсан. Тиймээс тэрээр Оросоос явсан бөгөөд одоо Латви улсад байж магадгүй гэж эх сурвалжууд таамаглаж байгаа юм.
SOURCE: CNN