“Urug.mn” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч У.Болортуяа “Улс төрийн задлан” нэвтрүүлгээрээ Сангийн сайд асан С.Баярцогтын талаар хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэн, үзэгчдэд хүргэсэн.
Гурван шатны шүүх С.Баярцогтыг гэм буруутай гэж үзэн, ял оноосон. Анхан шатны шүүх 10, давж заалдах шатны шүүх дөрөв, дараагийн шатны шүүх дээрх ялыг хэвээр үлдээн, хөрөнгийг нь хураах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл гурван шатны шүүхэд хөрөнгөө нотолж чадаагүй С.Баярцогтыг гэнэт гэм буруугүй гэж үзэн, хууль бусаар хэргийг нь хаасан асуудлыг сэтгүүлч У.Болортуяа хөндөн, нэвтрүүлэг бэлтгэсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл сэтгүүлч У.Болортуяаг цагдаагийн байгууллагад өгчээ. Үүний дагуу сэтгүүлч У.Болортуяа өмгөөлөгчийн хамт цагдаагийн байгууллагад өнөөдөр мэдүүлэг өглөө.
Тэрбээр “Тав дахь өдөр Мөрдөн байцаах албанаас над руу утсаар залгаад “Дээд шүүхийг гүтгэсэн, нэр төрд нь халдсан” гэх үндэслэлээр таны нэр дээр өргөдөл ирсэн байна. Та ирж мэдүүлэг, тайлбар өгөөрэй” гэсэн. Тэгээд өнөөдөр цаг тохироод, ирлээ.
Би дээд шүүхийн тухай нэвтрүүлэг хийгээгүй. Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн С.Баярцогт гэдэг хүн гурвын гурван шатны шүүхээр буруутгагдсан, ял авсан. Анхан шатны шүүхээс 10 жил, давж заалдах шатны шүүхээс 4,2 жил, дараагийн шатны шүүх энэ ялыг хэвээр батласан. Ингээд гурвын гурван шатны шүүхээс ял авсан хүн.
Гэтэл Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр “Энэ хүн буруугүй байна” гээд хэрэг нь гэнэт буруугүй болоод гараад ирэн. Үүнийг анзаараад, энэ зүй тогтлыг ажиглаад ямар ч сэтгүүлч юм хийнэ шүү дээ.
“Яагаад энэ хүн гэм буруугүй болчихов”, “Гурвын гурван шатны шүүх ямар үндэслэлээр, ямар хэргүүдээр С.Баярцогтыг буруутгасан юм бэ” гээд шүүхийн сайт дээр байсан мэдээг нь хүмүүст уншиж өгсөн. С.Баярцогт мэдээлэхдээ “Миний Швейцарь дахь оффшор дансны тухай, Швейцарийн шүүх” гээд ярьдаг. Хүмүүс тэр хэргийн тухай л мэддэг. Гэтэл түүний эхнэрийн, найзынх нь компани “Оюутолгой” компанид катерингийн үйлчилгээ үзүүлсэн тухай, олон тэрбумын хаус авчихаад тэрийгээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүйг нь хүмүүс мэддэггүй. Тэр хэргүүдээсээ болж С.Баярцогт ял авсан юм байна лээ.
Дээд шүүх дээр хэрэг нь цайрчихаж байгаа шалтгаан нь магадгүй Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, хяналтын шатны шүүгч Амарбаясгалан, Эрдэнэбалсүрэн гэдэг хүмүүс нөлөөнд автсан юм биш биз дээ. Энэ хүмүүс нөлөөнд автаад, С.Баярцогтын гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг нь хаачихаж байгаа юм биш биз дээ гэсэн. Нэвтрүүлэгтээ дээд шүүхийн тухай ингэж л дурьдсан. Тэгэхдээ “Хардаж байна”, “Магадгүй”, “Болзошгүй байна” гэдэг үг ашигласан.
Дээд шүүхийнхэн гомдол мэдүүлж, сэтгүүлч намайг гүтгэсэн гэж үзэн, намайг цагдаад өглөө.
Хэрвээ би гүтгэсэн юм бол С.Баярцогтыг шоронд суулгах шийдвэр гаргасан гурван шатны шүүхийн шүүгч нар хариуцлага хүлээсэн юм уу. Дээд шүүх С.Баярцогтыг ямар үндэслэлээр, ямар нотлох баримт дээр тулгуурлаж гэм буруугүй гэж үзсэнээ олон нийтэд яагаад тайлбарлахгүй байгаа юм бэ. Тэгээд яагаад намайг цагдаад өгч байгаа юм бэ. Дээд шүүх үнэхээр зөв шийдвэр гаргасан юм бол гурван шатны шүүгчид С.Баярцогтыг хэлмэгдүүлсэн, гүтгэсэн болж таарна биз дээ. Тэрэндээ хариуцлага хүлээх юм уу.
С.Баярцогт гэдэг хүнийг ямар үндэслэлээр гэм буруугүй гэж үзэж, тийм шийдвэр гаргаснаа хууль, эрх зүйн онол, үндэслэлтэй нь дээд шүүх тайлбарлах шаардлагатай. Тэр талаар тайлбарлаач гэсэн хүсэлтийг та бүхнээр дамжуулан уламжилж байна.
Намайг цагдаад өгсөн нь Дээд шүүхээр оролдох юм бол, шүүгч нартай холбоотой хардаж, таамаглал дэвшүүлж мэдээ, сурвалжилга бэлтгэх юм бол цагдаад дуудагдана шүү гэдэг айдас мэдрүүлэх гэсэн, айдсаар удирдах гэсэн нэг арга байх гэж харж байна” гэлээ.