Лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
2022 онд шалгалт хийж дөрвөн аж ахуй эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байна. Иймд торгоод орхидог байж болохгүй, гол нь зөрчил бодитой арилах суурь нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал юм. Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн, мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж байгаа, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэрэг нь нэг алхам урагшилж байна. Энэ жилийн хувьд манай агентлаг өнгөрсөн жил хэрэгжүүлсэн ажлуудын гүйцэтгэлд анхаарал хандуулж, бүрэн ажил хэрэг болгож үр дүнг нь үзэхээр ажиллах зорилготой ажиллаж байгаа.
Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийгдэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд зөрчил гаргасан дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авч, зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм. Ингэснээр хэрэглэгч сонгосон бараагаа зөрүүтэй үнээс шалтгаалан буцаах, нэмэгдсэн үнээр авах зэрэг хэрэглэгчийн хохироосон үйлдэл гарахгүй байх нөхцөл бүрдэж, дэлгүүрүүд өдөр тутам үнийн зөрүү төлж хохирол амсахгүйн тулд хариуцлагаа илүү дээшлүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Иймд энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гомдол гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм. Дээрх сүлжээ дэлгүүрүүд “лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхой болгон нийтэд мэдээлэхээр боллоо.
Эх сурвалж: ШӨХТГ