Хунтайж Харри энэ сарын сүүлээр өөрийн шинэ дурсамж ном болох “Spare”-ийн нээлтийг хийх гэж буй. “Spare” буюу нөөц гэсэн утгатай энэ үг нь хунтайж Харри-г хэлж байгаа гэж өөрөө тодорхойлжээ. Учир нь Диана гүнж хоёр дахь хүүг нь төрүүлж өгөхөд хэдийн хаан ширээнд залгамжлах хүүтэй болсон байсан одоогийн III Чарльз хаан түүнд “Нөөц хүү төрүүлж өгсөнд баярлалаа” гэж байсан талаар уг номонд гарах аж.
Хааны гэр бүлийг тойрсон асуудлууд намжаагүй энэ үед тэрээр өөрийнх нь ах, хунтайж Уилльям түүнд гар хүрч байсан тухай номондоо дурьдсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 38 настай Харри 2019 онд Лондон дахь гэртээ өөрийн ахтай ширүүн маргааныг өрнүүлжээ.
Тодруулбал, хунтайж Уилльям түүнийг газарт буулгаж авахаас өмнө эхнэр Меган Марклийг нь “хэцүү, бүдүүлэг” зэргээр доромжилсон гэнэ. Энэ талаар The Guardian сэтгүүл Харри-гийн шинэ номноос ийн иш татав: “Тэр хүзүүнээс минь угз татаж, зүүлтийг минь тасдаж, намайг шалан дээр унагасан. Би унахдаа нохойн хоолны аяган дээр нуруугаараа унаж, хагарсан хэсгүүд нь нурууг минь өвтгөж байлаа” гэсэн байна. Энэ үйл явдлын дараа хунтайж Уилльям уучлалт гуйсан ч Харри түүнийг явахыг хүсжээ. Зарим иргэд үүнийг ах дүүсийн хооронд байх л зүйл гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “хааны гэр бүл хагарч эхэлсний тод илрэл болж байна, Хатан хааны үхэл тэднийг улам холдуулна” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.
Түүнчлэн хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар саяхан Нэтфликс-тэй хамтран хааны гэр бүлийн доторх ялгаварлан гадуурхалт, хүнд хэцүү зүйлсийн талаарх нээлттэй хуваалцсан баримтат киног хийсэн нь хамгийн их хандалттай кинонуудын нэг болоод байгаа юм.
Эх сурвалж: FRANCE 24