Монгол Улсын иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай үзүүлэх, тоон гарын үсэг олгох зорилгоор Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-д суугаа Элчин сайдын яам, Сан-Франциско дахь Ерөнхий Консулын газар, Чикаго дахь Консулын газрыг иргэний улсын бүртгэлийн сүлжээнд холбожээ.
Ингэснээр тус улсуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдэд иргэний улсын бүртгэлийн 21 төрлийн лавлагаа олгох, төрсний, эцэг /эх/ тогтоосны, гэрлэсний, гэрлэлт сэргээсний, гэрлэлт дуусгавар болсны, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, иргэний үнэмлэхийн, гадаад паспортын бүртгэлийн үйлчилгээг шууд үзүүлдэг болж иргэдээс гарах зардал, цаг хугацааг хэмнэж байна хэмээн УБЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн тоон гарын үсэг олгосноор төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia.mn/-д нэвтэрч, төрийн байгууллагын бусад үйлчилгээг цахим хэлбэрээр авдаг болжээ.