Шинэ он гарахтай зэрэгцээд ОХУ Украинд дахин цохилт өгчээ. Украины нийслэл Киев хотын эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад халдсаны улмаас хотын зарим хэсэгт цахилгаан тасарсан талаар хотын захирагч Виталий Кличко мэдэгдээд байна. Тэрээр зарим дулаан хангамжийн байгууламжууд эрчим хүчнээс салсан ч хотын усан хангамж хэвийн байгааг мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ-ын агаарын цохилтын улмаас өвлийн хатуу ширүүн улиралд Украины ихэнх хэсэг дулаан, эрчим хүчний хангамжгүй болсон. Шинэ оны өмнөхөн албаныхан системээ засч, сүлжээг бэхжүүлэхээр олон хоног ажилласан ч ийнхүү дахин халдлагад өртлөө. Москвагийн халдлага баярын өдөр хотуудыг харанхуйд оруулах зорилготой байсан гэж Украины албаныхан хэлсэн байна.
В.Кличко шинэ оны өмнөх шөнө нийслэлийн 30 хувь нь цахилгаангүй байсан хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж: CNN