Улсын наадам, Цагаан сарын барилдааны дараа орохуйц чансаатай болдог “Ерөнхийлөгчийн цом”-д энэ жил улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэлээ. Отгон арсланг түрүүлнэ гэж таамагласан, дээлийнх нь захыг мушгисан хүн олон. Харин Г.Бадрах харцагыг түрүү булаалдана гэж таамагласан хүн хэд бол.
Тэрбээр яах аргагүй шуугиулж, улсын харцага цолдоо эзэн байх хэмжээний бөх гэдгээ харууллаа. Г.Бадрахын тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
-Ганцогтын Бадрах 1994 оны дөрөвдүгээр сарын 17-нд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн.
-“Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх.
-Түүний анхны багш, үндэсний бөхийн А үсгийг заасан хүн нь улсын харцага Ш.Зоригт. “Аваргын гараа” хүүхдийн барилдаанд үзүүрлэсэн нь Г.Бадрахын анхны амжилт.
-18 настайдаа Батширээт сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болсон.
-2017 онд Бүх цэргийн наадамд тав давж, цэргийн начин цол хүртсэн.
-Тэр жилээ Хэнтий аймгийн баяр наадамд үзүүрлэн, аймгийн заан цол авсан. Тухайн жил аймгийнхаа наадмын түрүүг булаалдахдаа одоогийн улсын начин О.Цэцэнцэнгэлд өвдөг шороодож байв.
-Г.Бадрах аймгийнхаа наадамд түрүүлэх зорилгодоо 2019 онд хүрсэн. Тэгэхдээ үзүүр, түрүүнд аймгийн арслан Ш.Отгонтөгсийг давж, аймгийн арслан болсон юм.
Тухайн үед Хэнтий аймгийн наадмыг хүчингүйд тооцон, Г.Бадрахын арслан цолыг хүчингүйд тооцож байв. Гол шалтгаан нь, гарын даа нар оноолт буруу хийсэн гэж МҮБХ үзэж байв. Улмаар хэсэг хугацаанд Г.Бадрах аймгийн заан цолтойгоо барилдсан. Тэгж явсаар 2020 оны Цагаан сарын өмнө аймгийн арслан цолтой барилдах болсон юм.
-Тэрбээр Босоо Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойн барилдаанд аймгийн заан цолтойдоо түрүүлж байв. Түрүүлэхдээ дөрвийн даваанд улсын харцага Н.Золбоог, тавын даваанд улсын заан Ц.Одбаярыг, зургаагийн даваанд улсын заан Б.Серикийг, үзүүр, түрүүнд улсын арслан Б.Орхонбаярыг давсан юм.
-Г.Бадрах энэ жил улсын наадмын бэлтгэлээ улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй Хэнтий аймгийн бөхчүүдийн хамт Сүүж ууланд хийсэн. Өнөө жил төрийн наадамд гурав дахь удаагаа зодоглоод улсын харцага болсон. Улсын цолд хүрэхдээ нэгийн даваанд Булган аймгийн харьяат, сумын заан Г.Энхбатыг, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн заан О.Бундхоролыг, гурвын даваанд улсын начин Ж.Дагва-Очирыг, дөрвийн даваанд улсын начин Г.Ганжидыг, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын начин Б.Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан. Заан цолны буюу долоогийн даваанд даян аварга Н.Батсуурьт унасан юм.
-Г.Бадрах эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүний ханийг С.Сугармаа гэдэг.