Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүдэд хандан үг хэллээ.
“Эрхэм та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнө эртний түүхтэй язгуурын төр улсаа сэргээн байгуулж, улаан залаат хөх Монголчуудынхаа сэргэн мандалтын эх үндсийг бат тавьсан 1911 оны цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгал бол Монгол улс, Монгол үндэстний түүхэнд тэмдэглэгдэх алтан мөч, түмэн үед дуурсагдах түүхт үйл явдал гэдгийг та бүгд мэдэж байгаа. Иймд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын манлайлагч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон медаль хүртээж байна.
Түүхэн ойгоор төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхэм та бүхэнд Монгол төрийн тэргүүн гүн хүндэтгэл илэрхийлж байна. Төр засгийнхаа итгэл найдвар, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг дааж, амжилт ололтоо улам бататгаж, алдар цолоо улам бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Эрхэм алдартнууд та бүхний гэр бүл, үр хүүхэд, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Мөнх тэнгэрийн хүчин доор Монгол улс мандан бадрах болтугай. Баярлалаа. Баярын мэнд хүргэе” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.