“Ковид-19” болон томуугийн дэгдэлтээс болж, өрхийн эмнэлгүүдийн ачаалал 30-40 хувиар нэмэгдээд байна. Мөн Дүүргийн эмнэлгүүдийн ор дүүрч, ачаалал хоёр дахин өсөөд байна. “Гэнэт ханиагаад хүндэрчихлээ. Өглөө сэрэхэд л хоолой сөөчихлөө. Халуураад хэцүү байна” гэсэн зовуурьтай хүмүүс эмнэлгийн коридорыг дүүргэж байна. Бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө авлаа.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны өрхийн их эмч О.Лхагвадорж “ Ханиад намдахгүй байна. Шөнө маш их бөгшүүлж ханиалгалаа гэсэн хүмүүс их ирж байна. Гэр бүлээрээ өвдөөд, богино хугацаанд даамжрах нь түгээмэл байна. Энэ удаад дэгдэж байгаа ханиадны тархац их хурдан. Гол шинж тэмдэг нь хоолой өвдөх, хамар битүүрэх, халуурах.
Хүүхэд нь ханиагаад эхлэхээр эцэг эхчүүд гэрээрээ аргалчихна гээд тайвширчихдаг. Бас, дур мэдэж эм уулгах тохиолдол их. Гэтэл үүний цаана ханиад улам л хүндэрдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэнт эм уугаад ирсний хойно хүүхдэд дахин ямар эм өгөх вэ гэдэг нь асуудалтай. Дараагийн шатны эмээ зөвлөөд шууд уулгах ч хэцүү, байх ч хэцүү болдог. Вирусийн гаралтай ханиадны үед антибиотик эм ууж болохгүй. Ханиад томуу гэдэг бол вирусийн халдвар тухайн хүнийг өвчлүүлж байна гэсэн үг.
Ханиад томуугийн үед дархлаагаа дэмжих, унтаж амрах, шингэн бүлээн зүйл сайн уух, дулаан байх зэрэг нь хамгийн чухал. Хүүхэд асаргаа сайтай байвал эм уухгүйгээр хурдан эдгэх, өвдөхгүй байх ч боломжтой байдаг. Насанд хүрсэн хүмүүсийг хүүхэдтэй харьцуулахад хүндрэх эрсдэл бага. Учир нь олон удаа өвдөөд, дархлаа харьцангуй сайн тогтсон байдаг.
“Ковид”-ын шинжилгээ авахгүй байгаа болохоор "цар тахал дэгдэхгүй байна" гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд их байна. Хамгийн гол нь гадуур явахдаа маскаа сайн зүүх хэрэгтэй байна. Томуу, томуу төст өвчин, ковид гэсэн гурван халдвар хавсарч тархаж байна. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд "Минийх коранвирус биш ээ. Би даарснаас болоод ингээд хоолой өвдчихлөө" гэж хайнга явсаар байгаад өвчнөө хүндрүүлж байна. Ковидын вирус өвөрмөц шинж тэмдэгтэй. Эмчилгээ нь ч бас өөр. Тэгэхээр юун түрүүнд эмнэлэгт хандаж, яг юуны халдвар вэ гэдгээ тодорхойлуулах хэрэгтэй.
Томуу болон “ковид”-ын халдвар хавсран тархаж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс танд ханиад томуугийн шинж тэмдэг илэрсэн л бол маш яаралтай эмчид хандаж, тохирсон эмчилгээ хийлгэх чухал” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.