Хятад улс нэгдүгээр сарын 8-наас эхлэн аялагчдад зориулсан хорио цээрийн дэглэмийг цуцална гэж албаны хүмүүс мэдэгдснээр тус улсын Ковид-ыг тэглэх бодлогоо цуцалж байгааг илтгэх сүүлийн томоохон алхам боллоо. Гурван жил хаалттай байсны эцэст Хятадад ажиллах, суралцах визтэй эсвэл гэр бүлээрээ зочлохыг хүссэн хүмүүс ийнхүү тус улсад очих боломжтой болж байгаа юм. Гэхдээ энэ нь Хятад улс ковид-19 вирусын томоохон дэгдэлттэй үед таарч байгаагаараа эрсдэл дагуулж болзошгүй. Тодруулбал, эмнэлгүүд ачаалал ихтэй, өндөр настнууд нас барах нь ихэсч байна гэсэн мэдээллүүд байгаа юм.
Албаны хүмүүс Ковид-19-ийн өдөрт илрэх мэдээллийг гаргахаа больсон тул өдөр тутмын тохиолдлын тоо, нас баралтын бодит тоо одоогоор тодорхойгүй байгааг хэвлэлүүд онцолж байна. Бээжин өнгөрсөн долоо хоногт өдөр бүр 4,000 орчим тохиолдол илэрч, цөөхөн хүн нас барсан гэж мэдээлсэн. Гэхдээ Британийн эрүүл мэндийн мэдээллийн фирм Airfinity Хятадад өдөрт нэг сая гаруй хүн халдвар авч, 5000 хүн нас барж байгаа гэж мэдээлснийг Ройтерс агентлаг дамжуулав. Хятад ийнхүү гурван жилийн хөл хорионы эцэст "Ковидтой зохицож амьдрах" арга руу шилжсэн дэлхийн хамгийн сүүлчийн орнуудын нэг болж байна.
Эх сурвалж: BBC