Гаалийн байгуулагаас 2013, 2018, 2022 онд хийсэн дотоод хяналт, шалгалтаар Гашуунсухайт боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэл бүхий тоо баримт, материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.
Үүнд:
Нэг. 2010-2011.07.01-нийг хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй үйлдлийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн дүгнэлтээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.
Хоёр. 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэлтэй, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ нь тус компанитай нүүрс худалдах/худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ 1.0 сая тонн илүү экспортлосон, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлуудыг нягтлан шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.
Гурав. 2018-2022.04.30-нийг хүртэлх хугацааг хамруулсан шалгалтаар 2213 хамтарсан манифестаар 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Шалгалтын дүнгийн талаарх танилцуулга, мэдээллийг хавсралт материалын хамт 2022.12.15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.
Дээр дурьдсан 3 удаагийн шалгалтаар тогтоогдсон тоо хэмжээ, мэдээллийг УИХ-ын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт Гаалийн ерөнхий газраас шилжүүлэн нягтлан шалгаж, эцэслэн тогтоох арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна.