Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2022.12.19/ боллоо.
Зөвлөгөөнд нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд шахмал түлшний нөөцийг танилцуулав.
Тэрбээр Улаанбаатар хотын хэмжээнд 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар