Дэлхийн аварга Линонел Месси. Домогт хөлбөмбөгчнийг ийм алдарт хүрээсэй, дэлхийн аварга гэж дуудуулаасай гэж хүсэж, хүлээсэн сая, сая хөгжөөн дэмжигчдийн хүсэл биеллээ. Мессиг энэ амжилтад хүрэхэд Аргентины шигшээ багийнхан нь бүгд тусласан, хамтдаа зүтгэсэн.
Багийн амжилтад хэн нэгнийг шууд онцолж, энэ тамирчин л хожилд хүргэлээ гэж онцлох өрөөсгөл. Гэхдээ Месси дэлхийн аварга болоход бусдаасаа илүү тусласан, багаа хожилд хүрэхэд том гавьяа байгуулсан хүн бол яах аргагүй хаалгач Эмилиано Мартинес байлаа.
Дэлхийн аваргын өмнө тэрбээр “Би Мессиг дэлхийн аварга болгохын төлөө амьдралаа зориулахад бэлэн байна. Түүнийг дэлхийн аварга болоход туслана” гэж амлаж байв. Гэхдээ тэр энэ амжилтдаа дардан замаар хүрээгүй. Аргентины шигшээ ДАШТ-ий эхний тоглолтод Саудын Арабт 2:1-ээр хожигдсон. Эл тоглолтын дараа Э.Мартинес сэтгэл зүйн хямралд орсон. Улмаар сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байв. Энэ талаараа тэрбээр “Хоёрхон удаа хаалга руу довтолсон багт хоёр гоол алдчихлаа. Сэтгэл санаа хүнд байна. Мехсикийг хожих хүртлээ гуван хоног хямарлаа. Сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авч байгаа, юуг нь нуух вэ” гэж байв.
Тоглолтоос тоглолтод тэр өөрийгөө хурцалсаар дэлхийн аварга боллоо, Мессид өгсөн амлалтдаа хүрлээ. Хоёр тоглолтын хожилд түүний гавьяа асар их. Учир нь Нидерланд, Францын шигшээ багтай хийсэн тоглолт пенальти цохиж, ялагчаа тодруулахад Мартинес амжилттай хаасан юм.
30 настай тэрбээр энэ жилийн ДАШТ-ий шилдэг хаалгачаар тодорч, “Алтан бээлий” хүртлээ. Ингэснээр Мартинес дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигдлээ.
Аргентины баатар тэрбээр шигшээ багийнхаа төлөө тоглосон торгуулийн цохилт бүрдээ ялалт байгуулсан хожлын цувралаа үргэлжлүүлэв.
Э.Мартинесийн карьер:
2012 он: “Арсенал”-тай нэгдсэн
2012 он: “Оксфорд Юнайтед”-д зээлээр очсон
2013 он: “Шеффилд Уэнсдей”-д зээлээр очсон
2015 он: "Ротерхэм Юнайтед”-д зээлээр очсон
2015 он: “Вулверхэмптон Уондерерс”-д зээлээр очсон
2017 он: “Хетафед” зээлээр очсон
2019 он: “Рединг”-д зээлээр очсон
2020 он: “Астон Вилла”-д нэгдлээ. Мартинес саяхныг хүртэл төдийлөн тогтвортой амжилт гаргаж, онцгойрч чадахгүй л байв. Багаас багт зээлээр очиж, сэлгээний хаалгач хийдэг байлаа.
Өнгөрсөн жил Аргентины шигшээ багийн хамт “Копа Америка”-д түрүүлж, “Алтан бээлий” хүртсэн. Энэ удаа дэлхийн шилдэг болж, нэрээ дэлхийд тодоос тод тамгаллаа. Ингэснээр Дэлхийн аваргаас “Алтан бээлий” хүртсэн анхны Европ бус хаалгач боллоо.