Export Mongolia-2022 олон улсын нэгдсэн форум өчигдөр боллоо.
Экспортыг дэмжих төсөл нь дэлхийн банкны санхүүжилттэй, ЖДҮ эрхлэгчдийн экспортын чадамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 2021, 2022 онд 106 ААН байгууллагад 12.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан ажиллаж буй талаар Төслийн зохицуулагч Б.Дөлгөөн хэллээ.
Тэрбээр, “Бид экспортын саад бэрхшээлийн судалгаа хийсэн. 2016 онтой харьцуулахад уул уурхайн бус экспортын хэмжээ нэмэгдсээр байна. Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд эргээд буурсан. Гэхдээ 2016 оны дүнтэйгээ харьцуулахад экспортын хэмжээ буураагүй. Манай санхүүгийн дэмжлэг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, IT чиглэлийн компаниудыг дэмжин ажиллаж байгаа.
Саад бэрхшээлийн судалгаагаар хэд хэдэн асуудал гарч ирсэн. Монгол улс олон улсын зах зээлд гарахад нэгдсэн брендинг алга байна. Олон улсын зах зээлд гарахад жаахан төвөгтэй байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улсыг дэлхий сайн мэдэхгүй байна. Мөн хууль эрх зүйн орчны дэмжлэг тааруухан байгаа.
Түүнчлэн ААН байгууллагуудад санхүүгийн дэмжлэг нэн тулгамдсан асуудал болдог. хэрэгтэй байна. Үүгээр зогсохгүй хүний нөөцийн чадавх сул байна гэсэн асуудлууд хөндөгдсөн.
Манай төсөл бүтцийн өөрчлөлтөд орохдоо энэ асуудлуудыг шийдэхийг зорьсон. Бид монгол брендингийн судалгааг ирэх онд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн сургалтын үйл ажиллагаа хийж байгаа. Үүгээр ААН байгууллагуудын дэд бүтэц чадавхыг бэхжүүлэх сургалтыг видео хэлбэрт шилжүүлээд веб сайтад тавьсан байгаа. Энэ нь олон нийтэд нээлттэй бий” гэсэн юм.