Энэ сарын 13-нд эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр дэвшүүлж, хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүйн туслалцааны төвийн, хууль зүйн ухааны доктор В.Оюунмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Хууль зүйн туслалцааны төв бол Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллага. Манай байгууллагын хувьд төлбөрийн чадваргүйн улмаас эрхээ хангаж чадахгүй байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад хамгийн түрүүнд ажилладаг байгууллага. Өнөөдөр эрүүгийн процесст хүний эрхийн асуудал, хууль зүйн туслалцаа авах эрхийн асуудлыг хөндөж энэхүү хэлэлцүүлгийг санаачилж явуулж байгаа.
Хэлэлцүүлгийн явцад шүүхээс, прокуророос, мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хувийн өмгөөлөгчид болон улсын өмгөөлөгчид аль аль нь оролцож байгаа. Тэгэхээр өөр өөрсдийн эрүүгийн процесст оролцох явцад тулгарч байгаа бэрхшээлүүдийг ярилцаж байна. Мөн эндээс гарах арга зам, мөн хамтран ажиллах ажиллагааны хэлбэрүүдийг ярилцаж байна.
2022 оны 10 дугаар сарын нэгнээс хууль зүйн туслалцааны тухай хууль үйлчилж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид бус, эрүүгийн процессын үйл ажиллагаанд оролцож байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, мөн эрүүгийн хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд хүртэл хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх болсон. Мэдээж хууль зүйн туслалцаа, үйлчилгээгээ чанартай хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байгаа. Ингэхийн тулд бидэнд тулгарч байгаа бэрхшээл нь юу байна гэхээр, бид мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийн орон тоог нэмэх шаардлагатай байна.
2023 онд бид өмгөөлөгчдийнхөө орон тоог нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн. ХЗДХЯ, мөн төсвийн төсөлд саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь төсөв батлагдахдаа манай саналыг дэмжсэнгүй. Тийм учраас 2023 онд одоогийн байгаа энэ бүрэлдэхүүнээрээ хууль зүйн туслалцааны тухай хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллахаар болчихлоо. Нэгэнт орон тоо нэмэгдэхгүй нөхцөл үүссэн учраас одоогийн байгаа эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчдийнхөө мэдлэгийг дээшлүүлэх, хувийн өмгөөлөгчдөөс нийгмийн сайн сайхны төлөө ажиллах үйл ажиллагаатай уядуулах зорилгоор монголын өмгөөлөгчдийн холбоо хуульчдын холбоо хамтарч ажиллахаар урьдчилан ярилцлаа. Энэ утгаар өнөөдрийн хэлэлцүүлэгт хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм” гэв.