Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын нууцад аваад байсан нүүрсний 9 гэрээг нууцаас гаргахаар боллоо. Ингэснээр гэрээг хуулийн байгууллага шалгах, олон нийт мэдээлэл авах, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байна. Цаашид Засгийн газар нууц гэрээ байгуулахгүй байх тал дээр анхаарч ажиллана” гэлээ. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.