Коронавируст халдварын улмаас нэг иргэн амиа алдаж нийт амиа алдсан иргэдийн тоо 2315 болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Ковидын халдварын шинэ тохиолдол буурсан. Бид BQ12 гэсэн омикроны дэд хэв шинжийг бүртгэлээ. Энэ нь хөнгөн өвчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов.
Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе үргэлжилж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хүүхдүүд голдуу өвчилж байна. Томуугийн В хүрээний болон H1N1 хүрээний вирус илэрсэн. Томуугийн нэг вирусын орчил байдаггүй. Одоо манай улсад долоон вирусын орчил байна. Би нэг төрлийн вирусын халдвар авлаа гэхэд эмчилгээ хийлгэсэн ч дараагийн вирусаар дахин өвдөх эрсдэл бий. Иймд зарим иргэн томуу эмчлэгдэхүй, сунжраад байна гэдэг. Хэд хэдэн вирус зэрэг дэгдсэн, цаг агаар хүйтэн, агаар бохир байгаа нь эмчилгээг удаашруулж байна. Уушгины хатгаа олон нөхцөл байдлын улмаас үүсдэг.
Манай улсад хувийн, төрийн нийт 12 MRI аппарат бий. Нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгүүдэд л энэ аппарат шаардлагатай. Нийт 3.3 сая хүн амтай манай улсад 12 аппарат хангалттай. Зарим тохиолдолд шаардлагагүй байхад иргэд MRI-аар оношлуулж, ачаалал үүсгэдэг тул эмчийн заавраар л оношлуулаарай” гэв.