Индонезийн парламент энэ сард гэрлэлтээс гадуурх харилцааг нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх шинэ эрүүгийн хуулийг батлах төлөвтэй байна гэж албаны хүмүүс Ройтерс агентлагт мэдэгджээ.
Мөн хууль тогтоомжийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч болон төрийн байгууллагуудыг доромжлох, Индонезийн төрийн үзэл баримтлалд харш үзэл бодлоо илэрхийлэхийг хориглоно. Үүгээр зогсохгүй, гэрлэхээсээ өмнө хамтран амьдрахыг хориглохоор болж байна.
Индонезийн Хууль зүйн дэд сайд Эдвард Омар Шариф Хиареж арванхоёрдугаар сарын 15-нд олон жил яригдсан шинэ эрүүгийн хууль батлагдах төлөвтэй байгаа гэжээ. Тэрээр энэ хуулийг “Индонезийн үнэт зүйлд нийцсэн” гэж онцолсон байна. Энэ хууль батлагдвал Индонезийн ард иргэдээс гадна гадаад иргэдэд ч мөн ижил үйлчилнэ. Тиймээс бизнесийн салбарынхан энэ нь Индонезийн цаашдын гадаад хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлөхөд санаа зовниж байна.
Хуулийн төслийн талаар сонссон иргэд мөн жагсаж, эсэргүүцлээ илэрхийлснийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: CNN