
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмадууд ирэх нэгдүгээр сарын 1-нээс 1.2 сая төгрөг хүртэлх тэтгэвэр авна” гэв.
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа ч бүх тэтгэврийг ижил хэмжээгээр нэмэх боломжгүйг тэрбээр тайлбарлалаа. Учир нь олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон цөөн жил шимтгэл төлсөн иргэдэд ижил хэмжээний тэтгэвэр тогтоох нь шударга бус гэж үзэж байгаа аж.
Тиймээс тэтгэврийг ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлтэй нь уялдуулан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг ойртуулах юм байна.
Мөн тэтгэвэр тогтоолгосныхоо дараа үргэлжлүүлэн ажиллаж байгаа ахмадуудыг 2027 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зохицуулалт хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Т.Аубакир мэдээллээ.










