“Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн эхний дугаар “Үйлдвэрлэл ба экспорт” сэдэвтэйгээр явагдлаа.
Хэлэлцүүлгийн зочноор:
- ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан
- “ТЭСО” корпорацийн экспортын газрын захирал Г.Энхбаяр
- “Мон Пеллетс” ХХК-ийн захирал Ш.Дэлгэрмаа
- “Нолли” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхбадрах нар оролцлоо.
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханы хэлэлцүүлэгт ярьсан онцлох хэсгүүдээс хүргэе.
“ЖДҮГ “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ӨӨС 32 ААН-Д НАЙМАН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА”
Дэлхийн банкны 20 сая долларын санхүүжилттэй, ХХААХҮЯ-ны хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” саяхан Жижиг дунд үйлдвэрийн газар хамтран хэрэгжүүлдэг болсон. Энэ төслөөс хичнээн ААН-үүд санхүүжилт авсан бэ? Өмнө нь олон улсын санхүүжилттэйхамтарсан төсөл, хөтөлбөрүүдээс манай үйлдвэрлэгч, экспортлогчид санхүүжилт хэлбэрээр хамрагдах боломж хэр байсан бэ?
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан сүүлийн жилүүдэд зээл олголттой асуудлаа ил тод, нээлттэй болгож, олгох ёстой хүмүүст нь олгодог болсон. Дэлхийн банк бидний зээл олголтын асуудлуудыг ил тод болсон байна гэж үзэн “Экспортыг дэмжих төсөл”-ийнхөө түншлэлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламж олгодог хэсгээ Жижиг дунд үйлдвэрийн газартай 2022 оны хоёрдугаар сараас эхлэн хамтран олгож эхэлсэн.
Экспортыг дэмжих төсөл нь 2016 оноос Монголд хэрэгжсэн, 20 сая долларын санхүүжилттэй төсөл юм. 2016-2019 оны хооронд Сангийн яаманд хэрэгжиж, нийт 76 төсөл, 800 гаруй мянган долларын санхүүжилт олгосон байдаг.
2020-2022 оныг хүртэл ХХААХҮЯ-нд хэрэгжиж, нийт 68 төсөл, дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ төсөл 2023 оны арванхоёрдугаар сард дуусна. Тиймээс эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас дэлхийн банкны төлөөлөл ЖДҮГ-ынхантай уулзаж, эрчимжүүлье гэдэг санал тавьсан. Бид гарын авлагадаа өөрчлөлт оруулж, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн аж ахуйн нэгжүүддээ зар хүргэсэн.
Өнөөдрийг хүртэл нийт 32 аж ахуйн нэгжид, найман тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэрээ байгуулсан байна. Бид төлөвлөсөн хугацаандаа хангалттай биелэлттэй явж байна. Бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ төслийн зарыг сайн хүргэж, ААН-үүдийн хүсэлтүүд маш их ирсэн. 10 тэрбум төгрөгийн грант олгох зүйлд 15,16 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байна. Үүнээс сонгон шалгаруулалт хийхээр 50-60 хувь нь хасагдаж байна. Ингэхээр өнгөрсөн хугацааныхаа санхүүжилтыг гаргах, үлдсэн хугацааныхаа санхүүжилтыг хийх гэдэг сонгон шалгаруулалт зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Үлдсэн хугацаанд арван тэрбум төгрөгийн санхүүжилтыг хангалттай гаргах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, төсөл амжилттай хэрэгжих боломжтой болж байна.
ААН-ҮҮД ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОД ГАРГАСАН БАРИМТ ДЭЭР ТУЛГУУРЛАН, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Дэлхийн банкны 20 сая долларын санхүүжилттэй төсөл нь хөнгөлөлттэй зээл үү, буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож байгаа юу?
Энэ буцалтгүй тусламж. Аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр эхлээд экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргана. Экспортод бараа, бүтээгдэхүүн гаргахад зориулагдсан тоног төхөөрөмж худалдан авна. Маркетингийн зардлаа гаргана. Гаргаад хийснийх нь дараа тэр баримт дээр нь үндэслээд 9+3 сарын хугацаанд ажлаа хийсэн тохиолдолд 50 хувь буюу нэг аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөг, кластер дээр 500 сая хүртэлх төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр өгнө. Энэ төсөл өмнө нь 2022 он хүртэл хэрэгжихдээ аж ахуйн нэгжүүдэд өндөр шаардлага тавьдаг, олгох грант нь бага байсан. Үүнийг бид дэлхийн банкныхантай уулзалт, хэлэлцүүлэгт оролцох явцдаа аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг нь багасгаад, олгох грантынх нь хэмжээг нэмэгдүүлсэн учраас тодорхой үр дүн гарч байгаа гэж харж байна.
ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОЛОНХИЙН САНАЛААР ШИЙДВЭР ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛДОГ
Аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн шийдвэрийг гаргахад Дэлхийн банк хяналт тавьдаг уу? Бодит эзэндээ очиж байгааг хэн хянадаг вэ?
Тэгэлгүй яах вэ, үүнийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дөрвөн үе шаттай сонгон шалгаруулалт хийж, олгодог. Үүнд:
- Яг газар дээр нь очиж үзнэ
- Төслийг нь үзнэ
- Төслийг нь уншина
- Иж бүрдлийг шалгана гэсэн дөрвөн үе шаттайгаар төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар ордог.
Дэлхийн банкны олгож байгаа төсөлд энэ аргачлал буюу энэ дөрвөн үе шатаар сонгон шалгаруулна.
Төсөл сонгон шалгаруулах хорооны багт ажиллаж, шийдвэр гаргаж байгаа долоон гишүүний дөрвөөс дээш нь төрийн бус байгууллагын буюу олонх нь хөндлөнгийн хяналт тавьдаг, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалдаг, төрийн бус байгууллагын төлөөлөл олонхийн шийдвэр гаргаж, олгож байгаа учраас хөндлөнгийн хяналт, ил тод болгож байна.
ААН-ҮҮД ХАМТРААД АЖИЛЛАВАЛ ЭКСПОРТЫН БОЛОМЖ ИХ БАЙНА
Монгол банк энэ оны наймдугаар сард хийсэн судалгаагаар экспортлогч 540 ААН-ийн 30 хувийг нь түүврийн аргаар судалгаанд хамруулахад, ердөө гуравхан хувь нь олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чадсан гэсэн хариулт өгсөн байна. 60 хувь нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, санхүүжилтээ шийддэг гэсэн судалгаа гарсан байна.Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, санхүүжилтэд хамрагдахад манай аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудал нь юу вэ?
Олон төрлийн шаардлага, шалгуур байна. Жишээлбэл, хэдийгээр өнөөдөр сонгон шалгаруулалтад тэнцсэн ч, үргэлжлүүлэн есөн сарын хугацаанд өөрөө хөрөнгө мөнгөө гаргаад, бизнесээ хийж чадах уу гэдэг асуудал байна.
Монголын үйлдвэрлэгчид гаднын зар зээл рүү кластер хэлбэрээр хамтарч гарах нь хамгийн зөв. Бид нэлээн олон жил экспорт гэж ярьж байна. Гэхдээ үүнийг аж ахуйн нэгжүүд дангаараа хийх ёстой мэтээр ойлгож, ярьж байсан. Одоо бол илүү кластер хэлбэрээр болох хэрэгтэй. Жишээлбэл, Ноос ноолуурын холбоо гэж байдаг. Ноос ноолуурын компаниуд нь нийлээд, Монголын потенциал нь юу байна, бид жилд хэдэн ноосон оймс, ноосон цамц хийж чадах вэ, гэдэг нөөцөө эхний ээлжинд тодорхойлох ёстой. Үүндээ үндэслээд, ГХЯ, ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууддаа даалгавар өгөх ёстой юм шиг байна. “Монгол улс жилд 20 сая ноосон оймс хийж чадна. Тэгвэл та бүхэн АНУ-д байгаа элчин сайдад тийм хэмжээгээр борлуулах гэрээ хийхээр ажилла” гэх зэргээр. Элчин сайдын яамд үүнийг хийж, бид аж ахуйн нэгжүүдээ кластер хэлбэрт шилжүүлж, тухайн зорилтот орных нь стандартыг нь судлаад, тохирлын болон гарал үүслийн гэрчилгээг нь авах тал дээр танхим, төрийн бус байгууллагуудтай хамтарч, нэгдэж авч өгөхгүй бол аж ахуйн нэгжүүд тусдаа явбал хүндрэлтэй. Ихэвчлэн хэсэг хугацаанд хөөцөлдөж байгаад хаячихдаг.
Өнөөдөр экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь албан бусаар гаргаж байна. Тиймээс албан тоо баримт, статистик мэдээлэлд ордоггүй. Тэд танил тал, карго зэргээр борлуулалтаа хийж байна. Үүнийг албан ёсны болгох ёстой.
Экспортыг дэмжих төсөлд энэ жил 100 гаруй аж ахуйн нэгж төсөлд хамрагдъя гээд ирсэн байна. Үүний 70 орчим хувь нь эхний ээлжийн шаардлага хангаж байна. Потенциал бол байна. Гол нь энэ олон аж ахуйн нэгжүүд тус тусдаа явах бус кластер хэлбэрээр болоод, чиглэл чиглэлээрээ нэгдээд, явах ёстой юм.
Эдийн засаг, хөгжлийн яам гээд саяхан байгуулагдлаа. Энэ яамыг экспорт дээр голлож ажилах байх гэж харж байна. Тэгэхээр энд илүү төвлөрч, аж ахуйн нэгжүүдээ нэгтгээд, тоо ширхгээр нь гаргах, стандартыг нь хангуулах талаас нь ажиллах ёстой байх.
НООС НООЛУУР, МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭД СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭКСПОРТЫН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯ-нд ирснээс хойш 68 аж ахуйн нэгж шаардлага хангасан гэж байна. Тоон статистикаар харвал эдгээр байгууллагын ихэнх нь ямар төрлийн үйлдвэрлэл экспортлогчид байна вэ?
Ихэнх нь Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд суурилсан ноос, ноолуур, малын гаралтай түүхий эдэд суурилсан бүтээгдэхүүнд үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд байна. Бас нэг дэвшилтэт зүйл нь IT компаниуд, оюун ухаанаа ашиглаж, гаднаас мөнгөн гуйвуулга, програм хийх, програм хөгжүүлэлт хийх байдлаар төсөл бичиж байгаа компани нэлээн хувийг эзэлж байна. Энэ бол маш сайн. Өөрөөр хэлбэл, бид хоосон орон зайгаас экспорт буюу доллар олж ирэх гээд байна. Бусад уламжлалт салбарууд маань ч явах ёстой.
Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилт олгохоос гадна бас нэг үйл ажиллагаа бол жижиг дунд бизнесүүдийг чадавхжуулах сургалт явуулдаг. Олон улсын төсөл хөтөлбөрүүд төрийн байгууллагуудтай хамтарч хэрэгжихээрээ яг юм хийж байгаа үйлдвэрлэгчдэд очих мөнгө нь янз бүрийн чадавхжуулах сургалтад үр дүнгүйгээр зарцуулагдаж байна гэсэн шүүмж компаниудын зүгээс их ирж байна. Чадавхжуулах сургалтын үр дүн яаж илэрч байна. Та бүхэн хэчнээн байгууллагыг чадавхжуулах сургалтад хамруулсан бэ?
Жижиг дунд үйлдвэрийн агентлаг 2020 оны наймдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх буюу зээл, грант олгох гэсэн бүхий л арга хэрэгслүүдэд ажиллахыг хичээж байна. Мөн санхүүгийн бус дэмжлэг буюу сургалтад хамруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэрэгслүүд ашиглаж байна. Бидний экспортыг дэмжих төсөл ч нэг талдаа экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргах, гаргахад зориулагдсан тоног төхөөрөмж худалдаж авах, мөн экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргахын тулд гадаад зах зээлийн судалгаа хийх, ямар стандартууд байдгийг судлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, өөрсдөө сургалтууд авах зэргийг мөн санхүүжүүлдэг.
Олон улсын төсөл, хөтөлбөрүүд нь өөрсдөө нэг бодлоготой байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засгийн газрын хийх ёстой техник, тоног төхөөрөмж зэргийг хийхгүй. Тэнд орон зай үлдээд байгаа сургалт, зөвлөх үйлчилгээ зэргийг чадавхжуулахын тулд хийнэ гэж орж ирдэг.
Бид экспортыг дэмжих төсөлд жижиг дунд үйлдвэрийн газар 2022 оны хоёрдугаар сард аваад, нөхцлүүдээ сайжруулах хэлцлийн үеэр бид “Тоног төхөөрөмж авахыг оруулъя. Аж ахуйн нэгжүүдэд та нарын хэлээд байгаа сургалт, зөвлөх үйлчилгээний орон зай маш их бий. Гэхдээ тоног төхөөрөмжгүй байж сурчихаад яаж юм хийх вэ. Тоног төхөөрөмж авах заалтыг нь оруулж өгөөч” гээд жижиг дунд үйлдвэр дэмжих газарт орж ирснээс хойш тоног төхөөрөмж худалдаж авах хэсэг нэмэгдсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг маш их татсан.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэдий хэмжээний санхүүжилтын дүнгээр зөвхөн чадавхжуулах сургалтад хамруулсан бэ?
Бид энэ сургалтыг сүүлийн жилүүдэд аль болох онлайн хэлбэрээр хийж байна. Жишээ нь, Европын сэргээн босголт хөгжлийн банктай нийлээд, 20 гаруй мянган долларын санхүүжилтээр нийт 256 цагийн зөвлөх үйлчилгээ, сургалтын материал хийж, цахим орчинд байршуулсан. Үүнд бизнес хийхтэй холбоотой бүх л сургалт байгаа.
Үүнээс гадна бүсчилж хийх, сектороор хувааж хийх зэрэг сургалтуудыг хийсэн. Би яг одоо тоо хэлж мэдэхгүй байна. 6,7 мянган аж ахуй нэгжид давхардсан байдлаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байх.
Монголд гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих мэргэжлийн байгууллага байхгүй. Худалдааны салбарт эрх зүйн орчин дутагдалтай байна. Үүнийг Эдийн засаг, хөгжлийн яам хийх болов уу гэж бодож байна. Экспортыг дэмжсэн, гадаад худалдааны асуудлуудыг шийдсэн нэг цонхны байгууллагатай болмоор байна. Тэгвэл аж ахуйн нэгжүүд очоод зовлон бэрхшээлээ хэлэхэд, хариуцах эзэнтэй байх шаардлагатай гэж харж байна.
ИРЭХ ОНД ААН-ҮҮДЭД 30 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Жижиг дунд үйлдвэрийн газарт одоо эсвэл ойрын хугацаанд яригдаж байгаа санхүүжилтын ямар боломжууд байна вэ?
Жижиг дунд үйлдвэрийн агентлаг байгуулагдснаасаа хойш Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бонд, бусдад төлөх 127 тэрбум төгрөгийн өртэй байсан. Энэ өрөө бүрэн барагдуулж дууссан. Өнөөдөр энэ байгууллага өргүй болсон. Одоо бид эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, мөн 2016 оноос өмнө өгөөд, алга болсон, эзэн нь олдохгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийн өрийг төлүүлэх талд хичээн ажиллаж байна. Үүнийгээ төлүүлээд, ирэх он гэхэд 30 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж ажуйн нэгжүүдэд олгоно гэж бодож байна. Үүнээс гадна экспортыг дэмжих төсөл, зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил гээд Азийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан гэж байдаг. Энэ сангийн хяналтын баг өнгөрсөн наймдугаар сард ирж, уулзаад, зөвхөн хоршоонд чиглэсэн дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгоё гэсэн. Энэ мэт дэвшилттэй алхмууд гарч байна. Бид дотоодоосоо гэхээс илүү гадагшаа чиглэсэн санхүүжилтын арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна.
“Экспорт Монгол -2022” олон улсын форум, үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал хэлэлцүүлгийн дараагийн дугаар “Экспортын санхүүжилт ба олон улсын төсөл хөтөлбөрүүд” сэдэвтэйгээр та бүхэнд хүрэх болно.
Та ч бас хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх боломжтой. Доорх холбоосоор орж саналаа илгээнэ үү?
Хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдын саналыг нэгтгэж шийдвэр гаргагчдад хүргэнэ. Үндсэн форум 2022.12.6-ны мягмар гарагт 10:00-17:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо болон Сүлд танхимд зохион байгуулагдана.
www.exportmongolia.org цахим талбараар олон улсад шууд дамжуулна.
Бүртгүүлэх: https://www.exportmongolia.org/2022/register
Нэмүү өртөг шингэсэн экспортоор эдийн засгаа сэргээе.
Холбоо барих: 9406-5929, 9696-8778
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дээрх линкээр орж үзнэ үү.