Мягмар гарагт Итэвоны бөөгнөрлийн хохирогчдын ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийж, эмгэнэлт ослын буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалав. Аравдугаар сарын 29-нд Сөүл хотын Итэвон хороонд болсон Хэллоуины баярын үеэр болон дараа нь амь үрэгдсэн 158 хүний 34-ийнх нь ар гэрийнхнийг хууль ёсны дагуу төлөөлдөг, “Минбюн-Ардчилсан нийгмийн төлөөх хуульчид” гэх байгууллага уг хурлыг Сөүлд зохион байгуулсан юм.
Энэ нь хохирогчдын ар гэрийнхний хийсэн анхны хэвлэлийн бага хурал болж байна. Ар гэрийнхэн чин сэтгэлээсээ уучлалт гуйх, буруутай этгээдийг сайтар шалгах, дахин ийм хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зэрэг зургаан зүйл бүхий шаардлага тавьсан байна.
Мөн гамшигт нэрвэгдэгсдийн ар гэрийнхэнд харилцаа холбоо, хүмүүнлэгийн арга хэмжээ авч, хохирогчдын дурсгалыг бүрэн дүүрэн дурсах талаар идэвхтэй арга хэмжээ авахыг Засгийн газраасаа хүсчээ.
Тухайлбал, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг их сургуулийн оюутан Мина гэдэг охиноо алдсан Ли Жон Гван 130 мянган хүнийг зөв удирдаж чадаагүйгээс эмгэнэлт явдал болсон гэж хэлжээ. Тэрээр "Тэр шөнө цагдаа нар Итэвон руу аврах багийг илгээгээгүй нь тэд жирийн иргэдийн аюулгүй байдлыг хангахаас илүүтэй жагсагчдын удирдлага, аюулгүй байдлын ажлыг илүүд үзсэнийг харуулж байна" гэсэн байна. Тухайн шөнө Сөүлийн цагдаагийн зарим албан хаагч нар тус хотод болж байсан бусад жагсаал цуглааныг зохицуулахаар өөр газруудад байрласан байсан нь Итэвоны бөөгнөрлийн хэрэгт ихээр буруутгагдаж байгаа юм. Мөн хүүгийнхээ нас барсан шалтгаан, газар, цаг хугацааг мэдэхгүй байж хүүгээ үдэж явуулж чадахгүй гэж уйлж буй ээж хүртэл байжээ. “Минбюн-Ардчилсан нийгмийн төлөөх хуульчид” байгууллага талийгаачдын ар гэрийнхэнтэй цаашид зөвлөлдсөний дараа хуулийн ямар арга хэмжээ авахаа албан ёсоор зарлахаар болсон байна.
SOURCE: YONHAP