Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Энэ жил Чингис хааны мэндэлсний тэгш ой тохиож байгаа учраас олон ажил хийж байна. Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны эш хөргийг залах зарлиг гаргасан. Мөн Чингис хааны музейг ашиглалтад орууллаа. Монголын түүх соёлоо сурталчлах томоохон ажлууд хийж байна.
Наймдугаар сард олон улсын хурлууд зохион байгуулж, Чингис хаан судлалтай холбоотой олон талт ажил хийж байна. Тийм учраас Чингис хааныг олон улсын түвшинд судалж байгаа нэрт эрдэмтэнд энэ одонг гардуулахаар болсон" гэлээ.