“Энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ” гэж хөлбөмбөгийн хорхойтнуудаас асуувал сая, сая хүн “Аргентин” гэж хариулах нь ойлгомжтой. Өнөө цагийн тод од Л.Мессигээр манлайлуулсан аргентинчууд энэ жилийн ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг мөн үү гэвэл мөн. Тэд сүүлийн 36 тоглолтдоо дараалан хожоод байгаа нь хэр формтой, супер байгаагийнх нь илрэл.
Гэтэл энэ бүхэн ДАШТ-д өөр байлаа. Аргентины баг ДАШТ-ий эхний тоглолтдоо Саудын Арабын шигшээд 2:1-ээр хожигдов.
Тоглолтын 11 дэх минутад Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, тэргүүллийг Аргентин авсан, уг нь. Саудын Арабын хөлбөмбөгчид тод гялалзах одгүй ч хожихын төлөөх хүсэл, тэмүүллээрээ илүүрхэн, хоёр гоол оруулж хожсоноор, жинхэнэ дуулиан тарилаа. Ингэснээр Аргентины шигшээ 36 тоглолт дараалан хожсон амжилтыг нь зогсоов.
Үнэндээ ДАШТ-д өмнө нь хоёрхон хожоод байсан Саудын Арабын шигшээ Аргентиныг зогсооно гэж таамагласан хүн цөөн. Бөмбөг бөөрөнхий гэдгийг жинхэнэ харууллаа.